Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

Л.Гансүхийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрвөн өдөр үргэлжилж, баасан гаригийн 21:30 цагийн орчимд ирэх даваа гариг хүртэл завсарлаад байсан. Уг шүүх хурал өнөөдөр үргэлжлэн явагдаж байна. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Л.Гансүх нарын гурван хүнийг шүүж байгаа. Шүүх хуралд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын байцаагчаар ажиллаж байсан Ш.Ичинхороо гэх сонирхолтой гэрчүүд мэдүүлэг өгсөн билээ. Л.Гансүхийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирж мэдүүлэг өгсөн нь Монголын шүүх практикт бас нэгэн шинэ зүйл боллоо гэж дүгнэх нэгэн байна. Н.Алтанхуяг өөрийн зөвлөхөө ямар ч буруугүй, харин ч шагнуулах ёстой хүн хэмээн тодорхойлсон. Мөн тэрбээр “Та нар өөрсдөө нүүрс түлж ер нь үзсэн юм уу. Амьдрал дээр буугаад үз” хэмээн шүүх бүрэлдэхүүнд тайлбар хийсэн. Түүнчлэн “Үнэхээр Л.Гансүх гэдэг хүнийг буруутгах гээд байгаа юм бол намайг буруутга. Би шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байсан хүний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн.

Гэрчүүдийн мэдүүлэг иймэрхүү байдлаар өрнөсөн бол шинжээчдийн дүгнэлт олны анхаарлыг татлаа. Шинжээчид шүүхийн танхимд мэдүүлэг өгөхдөө “Бидний хараат бус шинжээчдийн шалгалт хийж, “Эм Жи Эл Эс Би” болон “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн анхан шатны санхүүгийн баримтуудад үндэслэн дүгнэлтээ гаргасан. Анхан шатны баримтаар “Багануур” ХК хохирсон нь тогтоогдсон” гэж мэдээлсэн. Тодруулбал, Багануурын нүүрсний уурхайн амнаас хүлээж авсан нүүрс, “УБТЗ” нийгэмлэгийн ачаа тээврийн хөлс төлсөн баримтаар хоёр компани нийлээд 279 мянга 179 тонн нүүрс хүлээж авсан нь тогтоогдож байгаа аж. Гэвч “Багануур” ХК-тай тооцоо нийлэхдээ шуудайлсан нүүрсний дүнгээр тооцоо хийхэд дунд нь жингийн зөрүү гарч, “Багануур” ХК-д 3.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж буй юм байна. Харин үүний эсрэг Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний 3.6-д “Шуудайлсны дараа жигнэсэн нүүрсний хэмжээгээр тооцоо нийлнэ” гэсэн зүйл заалтыг танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, хоёр компани хоорондоо шуудайлсан нүүрсээрээ тооцоо хийнэ гээд тохирч, гэрээндээ тусгасан. Ийм байхад нүүрсний тээвэрлэлт болон аман дээрээс хүлээж авсан нүүрсээр тооцоод “Багануур” ХК-ийг алдагдалтай гэж үзэх болсон шалтгааныг шинжээчдээс асуусан юм. Түүнчлэн үнэхээр жингийн зөрүү гарсан тохиолдолд аль компани хариуцах талаар гэрээнд тусгасан зүйл, заалт байхгүй гэдгийг онцолсон. Шинжээч хүн хоёр компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод, гэрээнд тусгаагүй зүйл заалтаар аль нэг компанийг шууд буруутай гэж үзэх нь ёс зүй, хууль дүрмэндээ хэр нийцдэг юм бэ гэдгийг асуусан юм.

Энэ асуултад шинжээчид өөрийгөө хамгаалахуйц хэмжээнд, хангалттай нотолгоо, баримттайгаар хариулж чадаагүй. Тэд зөвхөн “Анхан шатны баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан” гэдгийг л хэлж байсан. Мөн шинжээчид хуулийн дагуу эдийн засгийн шинжилгээ хийсэн гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэхдээ шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын асуултад тодорхой хариулт өгөөгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *