Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жуулчдын дургүй долоон орны жагсаалтыг Монгол тэргүүлжээ

-Аялахаар ирсэн хүмүүсийг зодож нүддэг нь ганцхан манай орон-

Жуулчдын гарын авлага болсон travelversed.co хэмээх мэдээллийн сайт бий. Энэ сайтад дэлхийн хаана ямар сонин содон зүйлс, фестиваль болж байгааг танилцуулдаг. Түүнчлэн жилийн аль улиралд хаана аялахад тохиромжтойгоос эхлээд “Хамгийн амттай хоолтой долоон газар”, “Парисын тухай долоон баримт”, “Дэлхийн хамгийн үнэтэй өрөөтэй зочид буудал”, “Австралийн амтат бялуу”, “Лас-Вегаст очих долоон шалтгаан” гэх мэт олон сонирхолтой, сурвалжлага, мэдээллээрээ алдартай.

Манай орныг зорин ирэх жуулчдын ихэнх нь зуны улирал тааруулдаг. Гэвч дээрх сайтад өнгөрсөн зургадугаар сарын 8-ны өдөр “Жуулчдын дургүй долоон орон” хэмээх нийтлэл гарсан байна. Түүний нэгдүгээрт манай улс оржээ. Нийтлэлийн эхэнд “Жуулчид дэлхийн бөмбөрцөг дээрх дэлгэрэнгүй танигдаагүй орнуудаар явж, асар их баяр баяслыг авах дуртай. Гэвч зарим газрууд тодорхой шалтгааны улмаас хаалттай хэвээр байна. Дараахь долоон улс дэлхий дээр жуулчдад хамгийн нөхөрсөг бус ханддаг юм. Зарим нь бүр газар нутаг дээрээ гадаадын иргэдийн эсрэг халдлага зохион байгуулж байна” хэмээн тодотгожээ. Түүнийхээ доор “1.Монгол” хэмээгээд Баян-Өлгийн бүргэдтэй анчны зураг тавьсан байна. Тэгээд “Монгол Улс дөнгөж 15 жилийн өмнө жуулчдын өмнө өөрийн хил хязгаарыг нээсэн. Засгийн газар нь соёлын салбарт бизнес эрхлэгчдээ дэмжин аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж оролдож байгаа. Гэвч Улаанбаатар дахь Нeo-нацист Хөх Монгол бүлгийнхэн хятад жуулчдад халдсан юм. Хятадын жуулчид Хөх Монгол бүлгийн халдлагын дараа эргээд Элчин сайдын яамандаа мэдээлээгүй байна. Гэтэл жуулчдад халдсан этгээдүүд хийсэн зүйлээ цахим хуудсандаа нийтэлж тэр нь твиттерээр шуугиан болсны дараа л бүхэнд ил болжээ. Энэ явдлын дүнд жуулчид Монгол руу явахаас болгоомжилж байна” гэсэн байх аж.

Уг жагсаалт Болгар, Словак, Пакистан, Иран, Латви, Кувейт хэмээн дараалсан байна. Болгар улсын хувьд Хар тэнгисийн эрэг дагуух бохирдсон уснаас гэдэсний савханцар, гепатит өвчний дэгдэлт гарсан нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн 2012 онд Израилийн жуулчдын эсрэг халдлага гарч долоон хүн амь үрэгдэж, 30 хүн шархадсан явдал болж байсан нь жуулчид таагүй хандахад нөлөөлжээ. Тэгвэл Словакад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал гардаг болохоор жуулчид дургүйцдэг аж. Пакистаны хувьд ойлгомжтой. Энэ орны хот, хөдөө хаана нь ч явсан террористууд заналхийлдэг. Зөвхөн 2013 онд 355 террорист халдлага Пакистанд болжээ. Тиймээс АНУ болон барууны ертөнцийн олон орон иргэдээ хамгаалахын тулд Пакистанд очих аяллыг хязгаарлаад байгаа аж.

Иран улсад барууны зээлийн карт ажилладаггүй тул жуулчид бүх мөнгөө биедээ авч явах болдог байна. Энэ нь ч хулгайчдын анхаарлыг татах болжээ. Мөн хуурай улс тул ямар ч төрлийн согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Түүнчлэн ялангуяа эмэгтэйчүүд зөв хувцаслах нь маш чухал байдаг нь жуулчдын дургүйг хүргэсэн бололтой. Харин Латви улс руу нислэгийн тоо хязгаарлагдмал байдаг гэнэ. Мөн Рига хотын баар цэнгээний газруудад жуулчдыг чиглэсэн залилан газар авсан байдаг. Түүнчлэн гэмт хэрэгтнүүд нь зээлийн картын мэдээлэл хулгайлдаг, АТМ нь булхайтай ажилладаг аж. Гар дээрээ их хэмжээний бэлэн мөнгөтэй байх нь тийм ч сайхан санаа биш тул жуулчид дөлдөг гэнэ. Кувейтын хувьд Персийн булангийн бусад орнуудтай харьцуулахад барууны жуулчдад илүү нээлттэй. Гэвч шороон шуурга ихтэй тул аливаа үйл ажиллагаа гадаа болдоггүй нь жуулчдад таалагддаггүй гэнэ. Олон шинэ тансаг зэрэглэлийн зочид буудалтай хэдий ч жуулчид эрэлт хэрэгцээг нь хангалттай хангаж чадахгүй гэж үздэг тал байдаг ажээ.

Эдгээр орнууд өөр өөрсдийн зовлонтой. Заримд нь өвчин томуу дэгдэж, нөгөөх улс орныг нь тогтворгүй байдал нөмөрсөн байна. Ядуу доройгоос шалтгаалан хулгай зэлгий газар авсан улсууд ч бий. Баян чинээлэг хэдий ч шороон шуурга ихтэйгээс болоод жуулчид дөлдөг аж. Харин тэдний дунд жуулчдыг зодож нүдээд түүнээ эд бах болгон нийтэд зарласан газар алга. Тийм ч болохоор өдөр алгасахгүй дэлбэрэлт халдлага болж байдаг орон дөрөвдүгээрт орж байхад манай улс нэгдүгээрт зогсож байна. Жуулчид байтугай даян дэлхийн аль ч улсад энэ нь уучилж боломгүй жигшүүртэй явдал юм байна.

Манай орныг муучлаад байгаа хэрэг бол өнөө “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөнтэй холбоотой асуудал бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бурхан Халдун ууланд явж байсан БНХАУ-ын хэсэг иргэдийг өмнөө сөгдүүлж, доромжилсон хэрэг гарсан. Тэд хадаг өвөртөлсөн хэдэн өвөрмонголчууд л байсан даа. Үүнийг нь тухайн үед улсын харцага Г.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших нарын хүмүүс өөрсдийн фэйсбүүктээ “Өвөрмонголчууд Дунд овоон дээр гарчихсан явсантай тааралдаж ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” хэмээн нийтэлж байсан. Энэ явдал Хэнтий аймагт болсон жижиг хэрүүл байгаагүй юм байна. Дэлхий нийтээрээ үүнийг нь хараад жигшиж байж. Тийм болохоор жуулчин ирдэг гол улирлынх нь эхэнд ийм нийтлэл хэвлэсэн биз.

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал н.Батнасангаас жуулчдын тоонд өөрчлөлт орсон эсэхийг лавлахад “Статистик судалгааг яам гаргана. Ер нь бол нэмэгдсэн, хасагдсан зүйл байна. 2014 оны долдугаар сарын байдлыг энэ оны эхний долдугаар сартай харьцуулбал Герман, Австри, Хятадын жуулчид буурсан байна лээ. Франц жуулчид жаахан нэмэгдсэн” хэмээн ярив. Гэтэл өнөө жаахан нэмэгдээд байсан Францын жуулчинг дээрэмдэж, хүчиндсэн хэрэг энэ сарын 7-нд гарч л байлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн I хорооны 15 дугаар байранд Франц улсын иргэн эмэгтэйг дээрэмдэж, хүчиндсэн хэрэг гарсан байдаг. Түүнд хутга тулгаж сүрдүүлэн хүлээд хэргээ үйлджээ. Гар утас, цахим карт, ipad-ыг нь ч авсан байна. Дээрэмчин нь эрхэлсэн ажилгүй, 26 настай хар тамхи хэрэглээд жил гаруй болж байгаа О гэгч аж.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн “Жуулчидтай холбоотой гэмт хэрэг гардаг. Энэ оны эхний найман сарын байдлаар 12203 гэмт хэрэг гарсан. Үүний 84-т нь гадаадын иргэн өртсөн байгаа юм. Уг үзүүлэлт бол гэмт хэргийн 0,6 хувь гэсэн үг. Гол төлөв Хятад, Оросын жуулчид хэрэгт өртөх нь их байдаг. Тэд эд зүйлээ хулгайд алдах, дээрэмдүүлэх, зодуулах явдал гарч байна. Хэргийг цагдаагийн байгууллага тухай бүрт нь илрүүлэн ажилласан” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *