Categories
мэдээ цаг-үе

Д.Самбуу: Засаг солигдоход соёл урлаг руу улстөрчдийн гар орж ирдэг нь үнэхээр муухай

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Ардын жүжигчин Д.Самбуутай ярилцлаа.

-Та ямар уран бүтээл дээр ажиллаж байна, юунд цагаа илүү их зарцуулж байгаа бол?

-Өнгөрсөн жил нэлээд шахуу ажилласан. “Оройн дээд” гээд дуулалт жүжиг манайхан тавьсан шүү дээ. Богд хааны дүрийг гаргах гэж баахан зүтгэлээ. Одоохондоо гайгүй ээ. Чуулгын 65 жилийн ой арванхоёрдугаар сард болох юм. Үүний бэлтгэл ажил гээд жаал жуул юм байна аа. Энэ зуны жуулчны тоглолтынхоо хаалтыг хийж байна.

-Богдын дүрд тоглоход өөр мэдрэмж төрөх юм уу?

-Богд хааныг ерөөсөө ойлгодоггүй явсан юм байна л даа. Судлаад, материал хараад явахаар үнэхээр Монголын төлөө зүтгэсэн хүн л харагдаж байна лээ. Социализмын үед биднийг тэгээд үнэмшүүлчихсэн юм чинь яах вэ дээ. Богд хааны наймдугаар дүр байсан. Тайз дэлгэцийн урлагт би бас Богдын дүрийг бүтээсэн найм дахь уран бүтээлч болсондоо бэлгэшээж байдаг.

-“Үйлсийн сайхан Улаанбаатар” гээд сэтгэлд хоногшсон сайхан дуугаар чинь хүн бүр мэднэ дээ. Нийслэлийн удирдлагууд танд талархаж байсан уу?

-Одоо бол Улаанбаатарын дуу их төрж байна. Олон янзаар дуулж байна. Миний үед Гончигсумлаа гуайн “Улаанбаатарын үдэш”, Оросоогийн дуулж байсан “Миний Улаанбаатар” гэж байлаа. 1974 оноос “Үйлсийн сайхан Улаанбаатар”-ыг дуулсан. Тэгээд түгсэн. Өнөөдөр хүртэл дуулсаар явна. “Үйлсийн сайхан Улаанбаатар”-аараа бараг хоолоо олоод идчихэж байгаа юм биш үү.

-Тийм сайхан сэтгэлд хоногшсон дуучин одоо яаж амьдарч байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа даа?

-Яахав, зах зээлд шилжихэд манай чуулга бараг хаалгаа барихдаа тулсан. Хэдэн уран бүтээл хөдөө гадаа явж, тав арван төгрөг олж ирнэ. Цалингаа яаж тавих вэ гэдэгтээ тулсан. Дутуу хагас цалин мөнгөө тавина. Тэр үеийг даван туулсан. Энэ чуулгыг 1969 оны сүүлээс сайн мэдэх юм даа. Бүх үеийн аваргуудтай хамт ажиллаж байлаа. Яахав, социализмын үед болж байсан. Соёл урлагаа харж ханддаг. Хоосон хонохгүй хоёр идэхгүй л байсан. Зах зээлийн давалгаанд соёл урлаг үнэхээр ширвэгдсэн. Яам маань ч татан буугдав. Уран бүтээлчдээсээ авахуу­лаад даргыг нь хүртэл яам мэддэг үе бий. Би хүртэл Архангай аймгийн Соёлын ордонд ажиллаж байгаад сайдын тушаалаар татагдаж ирж байсан хүн. 1969 онд Ч.Лодойдамба гуай орлогч сайд байв. Аймгийн захиргаа, намын хороонд хоёр удаа албан бичиг очиж байж намайг наашаа нэг юм явуулсан даа. Яамны томилолт авч, их урлагтай амьдралаа хол­бож байлаа. Одоо бол Үндэсний дуу бүжгийн эрд­мийн чуулгынхныг гадагш нь тоглолт хийлгэх, гэрээ хэлэлцээр хийхэд дэмжлэг үзүүлэх соёл, урлагийн бод­лого үгүйлэгдэж байна даа.

-Жуулчдын тоглолтоос хэр орлого олдог вэ. Жуул­чид их сонирхдог байх?

-Манай тоглолтыг үзсэн харсан гадны зочин огт өөр ертөнцийг хардаг юм шүү дээ. Үндэсний дуу бүжиг, хөөмий, язгуур урлаг, ерөөл магтаал дэлхийд өөр байхгүй урлаг. Муу нэртэй, луу данстай Сосор­барам минь ардын хамтлагуудыг гадагш дотогш нь явуулж, дэлхийд таниулж байдагт баярладаг. Яамны хийх ёстой ажлыг хувь хүн хийгээд явж байна. Уг нь Соёл урлагаа хөгжүүлээд, дэлхийд түүх соёлоо таниулахад бодлого хэрэгтэй.

-Та хэр олон оронд очиж дуулж байв?

-Би олон оронд очсон. Ялангуяа социализмын үед дэлхийн гуч гаруй оронд очсон байдаг. Чуулга Монголын соёл урлагийн нүүр царайг харуулдаг. Манай Ардын дуу бүжгийн чуулга, циркийн тоглолтыг гадаадын үзэгчид дэндүү хүлээж авч байсан. Гучин минут алга ташдаг байлаа. Ардын дуу, зохиолын дуу, уртын дуу ч дуулсан. Очсон орныхоо дууг өглөө нь аваад, орой нь хөгжимтэйгөө нийлээд дуулчихдаг л байсан. Залуу ч байсан, юм тогтоохдоо амархан байж.

-Зүй нь соёлын бодлого яаж явах ёстой гэж та боддог вэ?

-Монголын нүүр царай, түүх соёлыг манайхаар дамжуулах учиртай. “Чуулга биеэ даагаад хошин шогийн хамтлаг шиг гараад явчихаж болохоор ш дээ” гэж нэг дарга хэлж байсан гэнэ лээ. Ямар тэнэг үг вэ. Үндэснийхээ соёлыг түгээдэг, сурталчилдаг ганц газраа тараах нь. Манайх засгаас байр л нэхдэг. Энэ байшинд драмын театр, хүүхэлдэйн театрынхантай хэрэлдээд 50-60 жил амьдар­лаа. Хэдэн жилийн өмнө Үндэсний театр барих төсөв мөнгө нь батлагдаад, барихдаа тулсан ч газар нь олдоогүй. Ганц үндэсний театр барьчих газар Улаанбаатарт баймаар л юм даа. Гадны сүм барих болохоор энд тэндгүй газар олдоод байх юм.

-Урлагт улс төрийн нөлөө орж байна гэж та ярьсан байна лээ?

-Ер нь улс төрийн нөлөө их байна. Засаг солигдоод, нэг нам солигдохоор Дуурийн театр манай хоёрын даргыг заавал солино. Дарга нь хүрч ирээд найруулагчаа, уран сайхны удирдагчаа өөрчилдөг. Хэвийн ажиллаж байсан хамт олны зүтгэж хийх гэж байсан юмыг дундуур нь орж ирээд тас тас татаад бужигнуулж хаяад, өөр өөрсдийнхөө хүнийг нааш нь цааш нь шургуулаад, тэр нь чадаж байна уу, чадахгүй байна уу хамаа байхгүй ээ. Сүүлдээ иймэрхүү маяг руу орчих гээд байна. Үүнд би үнэхээр эмзэглэж байгаа. Соёл урлаг руу хүртэл улстөрчдийн гар орж ирээд байх юм бол үнэхээр муухай хэрэг. Ахиад ямар нэг байдлаар сайд солигдоход бужигнаан үүсгээд энэ хэдэн урлагийн байгууллагуудаар тоглочих вий.

-Та одоо хэн хэнтэйгээ амьдарч байна. Танай хүүхдүүд дунд урлагийн хүн байдаг билүү?

-Эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Би чинь гурван хүүхэдтэй хүн. Нэг нь дипломатч хүн. Дараагийн хүү студитэй. “Малчин” телевизийн захирал хийдэг. Бага охин маань СУИС-д сурч байна.

-Дуулахаа боливол ийм юм хийнэ дээ гэсэн хүсэл байдаг уу?

-Хурим найр, цэнгүүн, шагнал урамшлын мялаалгын үеэр хоёр дуу дуулж, таван төгрөг өгөхөөр нь авдаг. Марзан Шарав нэг монгол кинон дээр “Өгөх хүний сүсэг мэддэг” гэдэг шиг л юм болдог. Дутаж гуцсан юм алга. Овойж оцойсон юм алга. Зах зээлийн үед наймаа хийх гэж үзсэн. Хөрөө рам байгуулж үзээд, банз мод гаргаад, арьс шир урагш нь гаргаж үзсэн. Наймаа гэдэг миний хийх ажил биш юм билээ. Ноднин манай удирдлагууд нэг санал тавьсан юм. Чуулгад нэг студи байгуулъя. Орон нутгийн театр чуулгын дуучдыг авчирч, курс маягаар сургая. Дуулах сонирхолтой залуусыг сургаж, байнгын ажиллагаатай студи байгуулъя гэсэн. Би ч дээр үед курсээр л дуучин болж байлаа.

-Таныг анх олж харсан хүн хэн байсан бэ?

-Алдарт дуучин Ж.Дорж­Дагва гуай, Н.Норовбанзад гуай, Б.Лхамжав гуай байна. Чуулгын дэргэдэх дуулаачийн курст яваад, сайд татах, урлагийн замаар явах асууд­лыг энэ хэд л шийдсэн. Манай чуулгын уран сайхны удирдагч Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Цэрэндорж гэж агуу хүн байв. Намайг хүн болгосон. Намайг 1970 онд “Энхийн цэрэг” гэж дууг оркестр хоортой гоцлол дуулуулаад, гаргаж ирсэн хүн.

-Та урлагийн сайхан эрчүү­дийн нэг байсан. Шүтэн биш­рэгч их байсан байх?

-Захиа л их ирдэг байсан. Хариуг нь бичиж чаддаггүй. Тэр болгонд яаж хариу бичих вэ.

-Таны дууг сонсох дуртай хүмүүс олон. Хуучны дуучид цомог нэг их гаргадаггүй санагддаг?

-Ноднин “Их урлагт 45” гэсэн концерт хийсэн. Хүүгийн найзууд, манай чуулгын дуучид, орчин үеийн зохиолын дуучид оролцсон. 1994 онд “Цэнхэрийн аялгуу” гэж сумынхаа нэрээр нэрлэ­сэн кино концерт хийсэн. Улаанбаатар телевизийнхэн хийж өгсөн. Баяр өөрөө найруулсан. Тэр үед зах зээл эхэлсэн хэцүү л үе байсан. Найз нөхөд унаа, шатахуун, хоол ундаар тусалсан. Тэгж нэг кино концерттой үлдсэн шүү. Хүүгийнхээ буянаар хийсэн хэдэн клип бий. Ирэх жилээс шинэвтэр тав зургаан дуу, хуучны гайгүй шиг дуунуудаасаа оруулаад ахиад нэг телевизийн концерт арай гайгүй дээрээ хийчих бодол бий.

-Н.Норовбанзад гуайг чадалтай байгаа дээр нь клип хийж авч үлдлээ гээд байсан. “Уяхан замбуу тивийн наран” клипийг нь одоо үзэхэд үнэхээр сайхан санагддаг?

-Норовбанзад гуай чинь бурхан чигээрээ байсаар байгаад бурхан болчихсон хүн шүү дээ.

-Далан насны ойн концертон дээрээ үнэхээр сайхан дуулж байсан даа. Шавь нар ч дуулж л байсан. Хоолойнх нь энг гүйцэхгүй санагдсан?

-Норовоо эгч ханиад ч хүрч байгаагүй хүн. Хоолойгоо ч сайхан хамгаална даа. Яг далан насандаа явсан шүү дээ. Юу ч мэдээгүй байж байгаад Япон руу тоглолтоор явж ирчихээд, хоёрдугаар эмнэлэгт шинжилгээ өгсөн чинь “Элэг чинь болохоо байчихсан байна” гээд. Японд очиж эмчлүүлэхээр болсон ч хүнд үедээ орчихсон, яах ч боломжгүй гээд, богинохон хугацаанд өвдөөд явчихсан шүү дээ. Түмэндэмбэрэл гуай, Норвоо эгч хоёр бол миний ээж шиг байсан хүмүүс.

-Найзуудынхаа тухай дурсаач?

-Манайд Жадамбаа гэж дуучин байсан. Сүүлд Дарханы театрын дарга олон жил хийсэн. Бурхан болсон л доо. Миний найз Мэнд-Амар гээд хөгжмийн зохиолч манай ёочингийн ганц. Манай чуулгад байсан, “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжиг бичсэн. Бид дэндүү дотно байлаа. Их баярлах, сэтгэл гундуу байх үед найз санаанд орж ирдэг юм шүү. Жаахан тааруухан найруулгатай хөгжим явахаар “Иш, миний Мэндээ байсан бол арай ч ингэж хийхгүй дээ” гэж бодогдоод л.

-Сэтгэлээ онгойлгомоор үедээ хэнд ханддаг вэ?

-За даа, одоо нас ч явж байгаа юм уу. Нэг их сэтгэл нээгээд байх биш дээ. Зожиг ч гэхэд хаашаа юм бэ дээ. Хэдэн хүүхдүүд, хамт олонтойгоо бужигнаад эдэнтэйгээ адилхан дэгж дэрвээд гүйгээд байна даа.

-Та хамрын тамхи их татах юм аа. Ач холбог­долтой эд үү?

-Хамрын тамхи татахаас өмнө их ханиад хүрдэг байсан. Хамрын тамхи татсанаас хойш ханиад хүрээгүй. Дуулахад тээр болоод байдаггүй. Дуулахаа­саа өмнөхөн хамрын тамхи нэг сайн татаж байгаад хамаг юмаа онгойлгочихоод гардаг.

-Хамрын тамхи татдаг хүн хөөрөг сонирхдог байх?

-Аавын минь сайхан халтар манан хөөрөг бий. Ажлын нэг хөөрөг ширээн дээрээ тавьчихдаг юм.

-Өнөөгийн Монголын дүр зургийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Ард түмэн бол үнэхээр хямраад байна. Үнийн өсөлт дэндлээ. Тэр болгон дэлгүүр хоршоогоор явдаггүй л дээ. Муу хөгшин маань гараад бараг юм аваагүй хэдэн төгрөгөө дуусаад орж ирэх юм байна шүү дээ. Дээрээ хямраагүй гэж боддог, үнэндээ. Хоёр нийгмийн солбилцлын хооронд энэ хэд чинь барахааргүй болчихсон юм байна. Тэр суудалдаа суух ямар ч дуртай юм. Түүнийхээ төлөө ямар ч их тэмцдэг юм. Унац сайтай юм шиг байна. Улс орноо гэсэн сэтгэлтэй хүн ээ дээ, цөөхөн байгаа байх аа.

-Та алдар цолондоо сэт­гэл хангалуун байдаг уу?

-Төр түмэн хоёр л өгсөн юм. Одоо бол шагнал урамш­лын талаар сонин юм их дуулдах юм. Мөнгөөр одон авдаг ч гэх шиг. Шагнал арай дэндүү хавтгайрлаа. Дарга энд тэндхийн ой дээр одон тэмдгийг халаасалж аваачаад зүүгээд зүүгээд өгчих юм байна шүү дээ. Салбарын тэргүүн гэдэг ямар амархан болчихсон юм. Наян онд гавьяат авч байхад шалгуур өндөр байлаа. Ар гэр хажуу айлаас хүртэл “Энэ Самбуу гэдэг чинь ямар хүн байна” гээд хороо хориноос хүртэл судалж, жаахан юм гарвал гавьяат байтугай юу ч үгүй үлдэнэ. Маш хяналттай байсан. Тал талаас нь харж байж өгч байсан. Шагнал урамшил дээр шалгуур болзол тавимаар юм шиг. Төр засаг үүнийгээ жаахан цэгцлэх байлгүй дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *