Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өчигдөр танилцуулав. Уруудсан үзүүлэлт байгаа ч ирээдүйд эдийн засаг сайжрах суурь бүтэц тавигдаж байгаа нь ч тоон баримтаас харагдлаа. Жишээлбэл, дотоодын аж үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 33.4 хувиар өсчээ. Түүн дотроо импортыг орлох бүтээгдэхүүн багагүй хувийг эзэлнэ. Энэ хэрээр гадаад худалдааны балансад эерэгээр нөлөөлж байна. Халдварт өвчин, бүлэглэн, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурчээ.
Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 64 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Орхон, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Хэнтий, Баян-Өлгий, Завхан аймагт улсын дунджаас 0.2-15.9 пунктээр илүү байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 2015 оны наймдугаар сарын эцэст 43 мянга болсны 23 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажил хайгчдын 30 мянга нь ажилгүй иргэн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувиар буурсан үзүүлэлт аж.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны хоёрдугаар улиралд нийт 35.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Эдгээр байгууллагын ажилчдын сарын дундаж цалин 853 мянга, үүнээс эмэгтэйчүүдийнх 804 мянга, эрэгтэйчүүдийнх 903 мянган төгрөг байна.
Ажилчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар нэмэгджээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 889 тэрбум, зарлага 1.020 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс орлого дөрөв, зарлага 21 хувиар өслөө.
Эрүүл мэнд
Улсын хэмжээнд 53872 эх амаржиж, эсэн мэнд төрсөн хүүхдийн тоо 54197 болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 хувиар буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2015 оны эхний найман сард 45691 болж, өмнөх оны мөн үеийнхээс 24089 тохиолдол буюу 2.1 дахин нэмэгдэхэд вируст гепатитаар өвчлөгчид 188 буюу 24.7 хувь, гахайн хавдраар өвчлөгчид 283 буюу 73.1 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 22009 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид наймдугаар сард 2797 болж, өмнөх сарынхаас 4348 буюу 61 хувиар буурчээ.
Боловсрол
Бүх шатны сургуулийг 2014/2015 оны хичээлийн жилд 127.7 мянган суралцагч төгссөнөөс ерөнхий боловсролын сургуулийг 73.5 мянган сурагч (9-р ангийг 53.8 мянга, 12-р ангийг 19.7 мянга), мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.0 мянган суралцагч, их, дээд сургууль, коллежийг 35.2 мянган оюутан төгсчээ.
Гэмт хэрэг
Улсын хэмжээнд 19007 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1392 хэрэг буюу найман хувиар өсчээ. Хүүхэд оролцсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 38 буюу 5.5 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 244 буюу 10 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 189 буюу 11 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 496 буюу 11 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3576.8 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4345.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Гадаад худалдаа
Монгол Улс дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5798.4 сая ам.доллар, үүнээс экспорт 3251.6 сая ам.доллар, импорт 2546.8 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1353.0 сая ам.доллар буюу 18.9 хувь, үүний дотор экспортын хэмжээ 324.2 сая ам.доллар буюу 9.1 хувь, импортын хэмжээ 1028.9 сая ам.доллар буюу 28.8 хувиар буурчээ. Өмнөх оны эхний найман сард экспорт, импорт тэнцүү гарч, гадаад худалдааны тэнцэл тэг байсан бол 704.8 сая ам.долларын ашигтай гарлаа.
Экспортолсон зарим эрдэс бүтээгдэхүүн, эхний найман сарын байдлаар, мянган төгрөг
Х.Баттөгс
One reply on “Зэсийн баяжмал, газрын тос, алтны экспорт нэмэгдэж, үйлдвэрлэл 33 хувиар өсчээ”
It’s a show featuring light,ミニ ラブドールsound and pyrotechnic effects,