Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Буруу тогтолцоо гэж юуг хэлээд байна?

Баабар ингэж өгүүлэв

Манай нийгмийн тогтолцоо буруу байгаа талаар сүүлийн үед амтай болгон ярьдаг боллоо. Нэгэнт би ч бас амтайгийн нэг болохоор тогтолцооны гажгийн тухай байнга ярьдаг. Гэтэл тогтолцоо гэж юугаа хэлээд байгаа, тэр нь тэр чигээрээ буруу юм уу, зарим хэсэг нь болохгүй байгаа юм уу? Ерөөсөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь дээр байж уу? Эсвэл Монголд ардчилсан төрийн систем тохирохгүй байгаа юм уу? Эс бөгөөс парламентын тогтолцоо хэрэггүй, Ерөнхийлөгчийн тогтолцоог одоо сонгоод нэг азаа үзэх тухай ярьж байна уу? Хаантай болсон нь дээр гээд байгаа юм уу? Цэргийн дэглэм тогтоох уу? Хятадыг дуурайх уу?

2001 онд хийсэн нийтийн саналын судалгаанаас үзэхэд монголчуудын бараг 90 хувь нь 1990 онд хийсэн нийгмийн болон төрийн ардчилсан сонголтыг зөв болсон гэж үздэг юм байна. Ингэхээр ардчилсан тогтолцоо нь хүн төрөлхтний туршлагаар батлагдсан хамгийн сайн зам төдийгүй манай ард түмэн энэ замаар орсныгоо зөв гэж үздэг, сонголтдоо сэтгэл ханамжтай байдаг юм байна гэж харагдаж байна. Ерөөсөө ч ардчилсан бус тогтолцоо манайд хэрэгжих гадаад болон дотоод нөхцөл нэгэнт үгүй болсон. Хятад, Казакстан, Дундад Азийн орнуудад тогтож буй бүтэн болон хагас дектатурын системийг Монголын хүн амын дийлэнх нь хүлээж авахгүйгээс гадна өдгөө тийм тогтоцыг буй болгоод бариад явж чадах бүлэглэл, хүчин нэг ч байхгүй. Нөгөөтэйгүүр ийм юм болдог юм гэхэд гадаад талаасаа дэмжлэг үгүй болох ба хөршүүдээс өөрөөр үүнд талархах газар үгүй тул ирээдүйн стратегийн аюулгүй байдал тун ч хөөрхийлөлтэй болох буйзаа.

Ерөөсөө 1990 онд монголчууд шилжилтийн хамгийн хүнд хувилбарыг сонгож авсан. Нийгэм эдийн засгийн хавсарсан шилжилт хийсэн төдийгүй шилжилт хийж буй 40 орчим улс дотроос зөвхөн Монгол, Унгар хоёр төрийн парламентат хэлбэрийг нь шууд сонгосон билээ. Энэ сонголт илүү хүнд, илүү зүдэргээтэй, гэхдээ илүү баталгаатай суурь нь сайн тавигддаг болохыг хүний иргэншлийн сүүлийн олон жилийн туршлага харуулсан. Өнгөрсөн хорь шахам жилийн хугацаанд монголчууд шилжилт хийхдээ үй түмэн алдаа гаргасан боловч дундаж наслалт 68 болон нэмэгдсэн, нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл бараг гурав дахин буурсан, өдөрт хэрэглэж буй хүнсний илчлэг 2600 к.кал, дундаж сарын цалин зургаан доллараас 100 орчим доллар болон өсчээ. Нийгмийн болон төрийн систем асар том дэвшилд хүрч, ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж, иргэд өөрийн итгэл үнэмшилтэй байх төдийгүй түүнээ бүрнээ илэрхийлэх баталгаат эрхтэй боллоо. Улаанбаатар 1990 онд гурван мянган автомашин, түүний дотор 100 хувийн автомашинтай байсан бол өдгөө энэ тоо 100 мянгад хүрч, зөвхөн гар утас хэрэглэгчдийн тоо 600 мянга даваад байна. 16 мянган оюутантай байсан бол өдгөө бараг 120 мянга хүрч байна. Хичнээн бараан сүүдэртэй байгаад манай нийгэм эрчимтэй урагшлан хөгжиж байна. Хөрш орны эрчимт хөгжил, газрын баялаг, чөлөөт зах зээлийн тогтоц, иргэдийн өөрсдөө хийх чөлөөт сонголт-эрх чөлөө гэсэн гурав дөрвөн гол хүчин зүйл энэ хурдан урагшлалтын гол мотор болж байгаа юм. ДНБ-ий өсөлт сүүлийн үед 10 хувьд хүрч энэ үзүүлэлт ойрын хэдэн жилдээ хадгалагдах бололцоо буй боллоо. Дэлхийн эдийн засагт гарч буй сүүлийн үеийн гэнэтийн өөрчлөлтүүд Монголд ашигтайгаар тусаж, чухам л өдгөө тэрбумаараа долларын хөрөнгө оруулалт, түүнийг дагасан аварга дэд бүтцүүд буй болох түүхэн шанс бодит болов. Өдгөө Монголын ДНБ-ий хэмжээ хоёр тэрбум долларт дөхөж буй ба таатай нөхцөл бүрэлдсэнээр энэ тоо ойрын хэдхэн жилд хэд дахин нэмэгдэн Монголын дундаж иргэнд ноогдох ДНБ-ий хэмжээ дэлхийн дунджид хүрэх бололцоо харагдаж байна.

Гэвч нийгэм дэх баян ядуугийн ялгаа улам ихэсч, иргэдийн урам хугарах, амьдарч буй нийгмийнхээ тогтоц механизмд санаа алдрах явдал улам их болж байна. Энэ бол манайд үйлчилж байгаа нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд үүргээ гүйцэтгэж чадахгүй, яаж ч тайлбарлагдаж болдог, нэг нь нөгөөгөө үгүйсгэдэгт оршино. Эртний Ромд “тодорхойгүй хууль байснаас огт хуульгүй нь дээр” гэсэн анхааруулга бүх хуулиудын орой дээр үндсэн зарчим болон тогтдог байжээ. Манайд харин ихэнх хууль болгоноос олон заалт нь эргээд Үндсэн хуулиа зөрчсөн байдаг. Би л лав тогтоцын гажиг гэдэгт чухам энэ нийгмийг зохицуулж буй хуулиудын зөрчлийг нэрлэдэг. Гар утас хулгай хийсэн хүүхэд 12 жилээр заагддаг, улсаа тоносон хүн Хөдөлмөрийн баатар болдог буюу бусдыг болгодог чухам энэ байдал чинь тогтоцын гажиг биш үү? Нийгмээс ядуу давхаргадаа өгч буй тусламжийн 70 хувь нь эзэндээ очдоггүй чинь тогтолцооны гажиг биш үү? Төрийн институцуудыг ажиллуулах хүмүүсийг чадамжаар нь биш, аль луйврын бүлэгт хамаарч байгаагаар нь шалгаруулдаг нь тогтоцын гажиг биш гэж үү? Нийгмийн менежмент хийх хүмүүсийг ард түмний хүсэл эрмэлзлээр сонгон шалгаруулдаг гэх авч начир дээрээ аль шилдэг хулгайч, шигшээ худалчийг нь сонгон шалгаруулдаг механизм үйлчилж байгаа нь тогтолцооны гажиг биш гэж үү. Сайн механизмыг хууль буй болгодог. Гэтэл бидэнд механизм муу байх тусмаа сайн гэсэн зарчим үйлчилж байгааг тогтолцооны гажиг гэхээс өөрөөр юу гэх юм бэ?

Манай иргэдийн дийлэнх нь муу хүмүүсийг зайлуулж сайн хүнтэй болоод жаргах мөрөөдөлд автдаг. Үнэндээ энэ бол хуурамч мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед манайд байгаа болгон тэр чигээрээ муу учраас орвонгоор нь бужигнуулах үзэл суртал газар авч эхэллээ. Большевикууд Орост төрийн эрх авуутаа хөрөнгөтний барьсан төмөр замыг хуу татаж аваад оронд нь ажилчин ангийн төмөр зам тавьж эхэлсэн юм гэнэ лээ, тэрэрхүү л юм яриад суртчилаад эхэллээ. Гэтэл ийм ойлголт нь луйварчдад бүр ч сайхан далим болно.

Сүүлийн үед сүлдээ солих тухай их ярих болов. Чухам тэр сүлдэн дээр буй тасархай мориноос болоод л улс уруудаад байгаа бололтой юм. Оронд нь нэг мангасны зураг тавьчиж. Авлига авбал тэр мангас нь амьдаар нь идэж шийтгэх бололтой юм. Гэтэл үнэндээ үүнийг сэдсэн бүлгийнхэн сүлдний тухай огт бодоогүй. Пивоны бөглөө онгойлгогчтой төстэй одоогийн сүлд олон хүнд таалагдахгүй байгаа. Үүнийг солих тухай яриа бол эцэст нь Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөхөд чиглэсэн түлхүүр тааруулах арга. Ерөнхийлөгчийн тогтолцоо руу орвол улс ганц сайн хөгжинө гэсэн арга нь барагдсан гэнэн хүмүүсийн мөрөөдлийг луйварчдын нэг бүлэглэл гярхай ажигласан хэрэг. АНУ Ерөнхийлөгчийн системтэйг бүгд мэднэ. Гэхдээ бүх Африк, Латин Америк тэр чигээрээ яг үүнийг хуулсан мөн тийм тогтолцоотойг хүн бүр мэддэг болов уу.

2006 оны есдүгээр сарын 10

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *