Categories
арын-нүүр булангууд мэдээ

Миний ажлын “ноу хау”

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл саяхан сэтгүүлч хүүхнүүдийн хүсэлтээр ном бүтээх арга барилынхаа талаар лекц уншсан юм. Борлуулалт сайтай номын зохиогч тэрбээр Миний ажлын “ноу хау”-гаа хамгийн их зарагддаг, өөрт нь ашиг орлого авчирдаг ном хэмээн тодорхойлсон. “Ноу хау” гэдгээ тэр ажлын дөр хэмээх монгол үгтэй дүйцүүлдэг. Хэрэв өмнөх үе нь ажлын туршлага, алдаа оноогоо дараа үеийнхэнтэйгээ хуваалцдаггүй “Миний зовж байж олж авсан юмыг чи ч бас зовж байж мэдэр” хэмээн аминчхан үзлээр хандвал нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Учир нь өмнөх гашуун туршлагыг хойч үеийнхэн нь бас туулж цаг алдах вий. Хэрэв салбар бүрийн ахмадууд “ноу хау”-гаа харамгүй дэлгэдэг бол залуус ангал дээгүүр харайж гарах арга замаа түвэггүй олох юм. Миний ажлын “ноу хау” сайн борлогддог нь хэн нэгний ажлын туршлага нөгөөд нь хэрэгтэй байна гэсэн үг. Тийм учраас дээхнэ үед сайн малчны туршлагыг орон даяар сурталчилдаг байсан шиг л ажил мэргэжлийн сайчуул туршлагаа дэлгэх нь үр дүнтэй. Хэрэв та салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бол таны ажлын “ноу хау” зах зээлд үнэлэгдэнэ гэсэн үг. Энэ утгаараа сайн малчны тэргүүн туршлага, Дарьгангын дархчуудын нууц жор, тогоочийн гарын амт, үйлчний уран увидас гэх мэтээр бүх л ажил мэргэжлийнхэнд ноу хаугаа дэлгэх орон зай хангалттай байна. Таны ярианы чадвар бичихээс илүү бол урилгаар лекц уншиж багшлах боломжтой. Амжилтад хүрсэн зарим хүн тэтгэвэрт гарсан ч “Насан туршийн боловсрол” төвд хандаж, багшлах арга ухаан заалгаад, арвин туршлагаа хэрэгцээтэй хүмүүст зааж сургадаг юм билээ. Таны ажлын ноу хау ч хэн нэгэнд хэрэгтэй юм бил үү.

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *