Categories
мэдээ цаг-үе

Контемпорари урлагийн VIII триенналь монгол зургийг онцлов

-Орчин үеийн монгол зургийн амин сүнс нь юу байх вэ –

Австралийн Куинсленд хотод болох Орчин үеийн урлагийн Ази Номхон далайн орнуудын наймдугаар триеннальд манайхаас Б.Баатарзориг, Б.Номин, Д.Үүрийнтуяа, Г.Гэрэлхүү нарын дөрвөн зураач оролцохоор сонгогдлоо. Триеннальд оролцохоор шалгарсан 30 орчим орны 80 уран бүтээлчийн нэрсийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зарлав. Асар хурдтай хувиран өөрчлөгдөж буй өнөөгийн цаг үед нийгэм, улс төрийн үзэл баримтлал, соёлын орчин дахь хүн төрөлхтний дүр төрхийг уран бүтээлчид хэрхэн илэрхийлж байна вэ. Чухам үүнийг зураачид өөр өөрсдийн арга барилаар хэрхэн илэрхийлснийг триенналийн цуврал үзэсгэлэн харуулах юм. Триеннальд Непал, Киргиз, Ирак болон манай улс анх удаа оролцож байгаа юм байна. Анх 1993 онд зохиогдож эхэлсэн энэ триенналь өдгөө дэлхий даяар зохион байгуулагдаж буй 160 бенналь, триенналиудаас Ази, Австрали, Номхон далайн орнуудын орчин үеийн урлагийн цорын ганц цуврал триенналь бөгөөд гурван жил тутамд зохиогддог. Куйнслэндийн орчин үеийн урлагийн галерейн кураторын баг бүс нутгийн галерейнууд, уран бүтээлчдийн урлангуудаар явж наймдугаар триеннальд оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулсан бөгөөд манайхаас монгол зургийн зураачдыг сонгожээ. Орчин үеийн урлагийн Ази Номхон далайн орнуудын VIII триеннальд манайхаас монгол зургийнхныг сонгон шалгаруулсан нь гадаад ертөнц орчин үеийн монгол зургийн хэв шинжийг сонирхож байгаагийнх болов уу. Уг триеннальд Монгол, Киргиз гэхчлэн Төв Азийн орнууд анх удаа оролцож байгааг зохион байгуулагч талаас онцолж байгаа. Манайхаас шалгаран оролцож буй зураачдын уран бүтээлийн зарим сониноос сонирхуулахад, Д.Үүрийнтуяа монгол ахуй, аж байдлын сэдэвтэй бүтээлүүдээрээ оролцож байгаа ажээ. Түүний бүтээлүүдэд голдуу завсрын өнгө онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хурц, тод өнгөнөөс зайлсхийдэг нь түүний хэв маяг гэлтэй. Тэрбээр Хонконгийн нэгэн галерейд гэрээт уран бүтээлчээр харьяалагддаг байна. Тиймээс тус галерейгаас гадаадад зохион байгуулдаг томоохон үзэсгэлэнгүүдэд мөн оролцдог гэнэ. Үүнээс өмнө Английн Лондонд болсон Төв Азийн орнуудын “Бурхад газар дэлхийн хооронд” нэртэй орчин үеийн урлагийн үзэсгэлэнд Д.Үүрийнтуяагийн эртний “Торгоны зам”-ын сэдэвт суурилсан орчин үеийн монгол зургийн бүтээлүүд нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байв. Түүнчлэн ХБНГУ-ын Дюселдорф хотод зураач М.Батзориг, ХБНГУ-ын барималч Лиза Лукас, Силвиа Шрайбэр нарын хамт “Монголын тухай дурсамж” нэртэй хамтарсан үзэсгэлэн гаргаж байв.

“976” арт галерейгаас дэглэн үзүүлдэг “Орчин үеийн монгол зураг” үзэсгэлэнг хүмүүс санаж байгаа байх. Тэр үзэсгэлэнд дээрх дөрвөн зураачийн бүтээл үзэгчдийн анхаарлын төвд байсныг санаж байна. Орчин үеийн иргэншлийн “эмх цэгцгүй” орчин, ялангуяа монголчууд бид нүүдэлчин, суурин хоёр иргэншлийн мөргөлдөөн дунд хэрхэн амьдарч байгааг эдгээр зураачид өөр өөрийнхөөрөө өгүүлдэг. Түүгээрээ магадгүй орчин үеийн монгол зургийн өнгө төрхийг бий болгож байж ч болох юм. Дэлгэмэл орон зайд өрнөж буй үйл явдлуудыг хүүрнэх мэт өгүүлдэг монгол зургийн уламжлалт онцлог өнөө цагт хэрхэн хадгалагдаж бас өөрчлөгдөн хөгжиж байгааг Ази Номхон далайн орнуудын наймдугаар триенналиас гадны сонирхогчид харах нь ээ. Триеннальд оролцогч өөр нэг зураач нь Б.Баатарзориг. Мэргэжилтнүүд түүнийг монгол зургийн бүтээлүүдийг контемпорари, модерн, сюрреал өнгө аястай гэж тодорхойлдог. Зохиомжийн хувьд дэлгэмэл, төвлөрсөн дүрслэлтэй хэрнээ тэдгээрийн агуулгыг ихэд чухалчлан үздэг, уламжлалт зурагт арай өөрөөр хандаж, монгол зурагт өөрийн гэсэн хэв маягийг оруулж ирэхийг хүсдэг гэж тэрбээр ярьсан. Түүний бүтээлүүдээс монголчуудын хэрэглээний соёлын чухал дурсгал болох модон авдрын бүтээл хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг. Авдар бол нүүдэлчний соёлын ахуйн онцгой нэгэн тусгал төдийгүй түүн дээрх хээ угалз, амьтны дүрслэл, өнгөний сонголт тэргүүтэн нь монголчуудын бэлгэдлийн сэтгэлгээ бүхий оюуны соёлын онцлогийг ч хадгалж байдаг. Эндээс Б.Батзориг санаа авч “шинэ монгол зураг” гаргах санаагаа олжээ. Тэрбээр хуучны эд өлгийн уламжлалаас орчин үеийн хэв шинжтэй бүтээл хийх, орчин үеийн сэдвийг тэр уламжлалтай хослуулж нэгэн шинэ урлагийг гаргаж болох юм гэж үзэсгэлэнгийнхээ үеэр ярьж байсан. Түүний зарим бүтээлд эртний эд өлгийн, шашны эд зүйлс , янз бүрийн дүрслэл бүхий металл зургандаа шигтэх мэтийн холимог техник ч харагдана. Хуучны эд зүйлс нь тухайн цаг үеэ өөртөө шингээсэн байдаг тул түүн дээр зурсан зураг илүү амьд болно гэж тэрбээр үздэг байна. Түүний “авдарны” бүтээлүүд нь материалын талаасаа уламжлалыг дагах боловч өгүүлэмжээрээ голдуу нийгмийн амьдралын өөрчлөлт, шилжилт зэргийг илэрхийлсэн байх ажээ. Мөн зураач Г.Гэрэлхүү анхны бие даасан үзэсгэлэнгээ 2013 онд “Төөрөлдсөнтэй ярилцахуй” нэртэй гаргаж байсан. Түүнчлэн Үндэсний Уран зургийн галерейгаас зохион байгуулдаг оны шилдэг бүтээл, МУЭ хорооноос зохион байгуулдаг “Шинэ бүтээлүүд”, “Алтан бийр”, “Хөрөг”, “Хавар”, “Монголын сайхан орон”, “Наадам”, мөн Монгол зургийн нийгэмлэгээс зохион байгуулдаг уламжлалт үзэсгэлэнгүүд, Хонконгийн Шони галерейн “Хотын хүүрнэлүүд”, АНУ-д болсон Фолк Арт Фестивал зэрэг томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож байжээ. Тус триен­наль нь ирэх арваннэгдүгээр сарын 21-нд нээгдэж ирэх 2016 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна. Орчин үеийн монгол зургийн амин сүнс нь юу байх вэ. Ийм шинэ асуултын өмнө эдгээр зураачид зогсч буй нь мэдээж. Хүний иргэншлийн нүүдэлчин, суурин хэмээх тэс ондоо хоёр хэвшлийн мөргөлдөөн дундах монгол хүний сэтгэлгээг тэд хэрхэн дэлгэн харуулах бол. Чухам эндээс л орчин үеийн монгол зураг хэв шинжээ сая олох биз ээ.

Н.Пагма

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *