Categories
мэдээ нийгэм

Хяналтын постууд 24 цагаар ажиллана

Наймдугаар сарын 12-ноос ирэх сарын 05-ны хооронд Авто тээврийн
үндэсний төв, орон нутгийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын
байцаагчид хамтран орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирэх
автомашинуудыг 24 цагийн турш шалгахаар болжээ. Ингэхдээ Төв аймгийн
“Баянчандмань”, “Лүн”, Хэнтийн “Хэрлэнгийн гүүр”, “Өлзийт хороолол”,
“Хоолтын даваа” гэсэн таван байршилд тусгай пост гарган ажиллах юм.
Есдүгээр сарын нэгний өдөр дөхөхөөр орон нутгаас нийслэлийг зорих
автомашины тоо олширдог. Гэхдээ зөвшөөрөгдсөн суудлын тооноос хэтрүүлж
хүн тээвэрлэдэг. Мөн үзлэг оношилгоонд хамруулаагүй бүрэн бус тээврийн
хэрэгсэлтэй холын замд зорчдог. Хотоос алслагдсан аймгуудаас бага оврын
ачааны “Портер”, “Бонго” зэрэг машинуудын тэвшин дээр сүүдрэвч, бүхээг
хийж хүн зөөдөг гэхчилэн зөрчил олонтаа гардаг гэдгийг Авто тээврийн
үндэсний төвийн Тээврийн газрын дарга Ж.Энхбат мэдээллээ. Тэрбээр
хэлэхдээ “Дээрх зөрчлүүдийн аль нэг нь илрэх бол замд нь шууд шалгаж,
оношлогоонд хамруулах, зорчигчдыг буулгаж, машиныг журамлах, торгох
зэрэг хариуцлагыг тухайн жолооч нарт хүлээлгэнэ” гэлээ.

ЗАМД НЬ ШУУД ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ОРУУЛНА

Хэрэв баруун аймгуудаас Улаанбаатарыг зорих автомашин үзлэг,
оношилгоондоо ороогүй бол замд нь Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай
зэрэг аймгууд дахь АТҮТ-ийн салбар төв рүүгээ явуулан оношлуулах юм
байна. Харин зүүн аймгуудын чиглэлд яваа, оношлогоондоо хамрагдаагүй
машинуудыг Чойр, Сайншанд дахь салбарт очиж, тээврийн хэрэгслээ үзлэгт
оруул гэсэн шаардлагыг замын цагдаа, АТҮТ-ээс тавина. Одоогийн мөрдөгдөж
буй Авто тээврийн тухай хуулиар оношлогоондоо хамрагдаагүй жолооч нарыг
25-50 мянган төгрөгөөр торгоно. Харин есдүгээр сарын нэгнээс эхлэн
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар үзлэг,
оношлогоондоо хамрагдаагүй жолооч нарыг 96 мянган төгрөгөөр торгох юм.

339 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНДОО ОРЖЭЭ

АТҮТ-ийн тооцооллоор 2015 онд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл
үзлэгт хамрагдах ёстой аж. Харин наймдугаар сарын 9-ний байдлаар улсын
хэмжээнд 339 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт
хамрагдсан байна. Гэхдээ 8214 нь үзлэгт тэнцээгүй гэв. Үүнээс
Улаанбаатар хотод 164 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт
хамрагдсан. Түүний 4700 нь үзлэгт тэнцээгүй байна.

ЖОЛООЧ НАРЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БИЧИГ БАРИМТЫГ ШИНЭЧИЛНЭ

Мөн орон нутгийн замд зорчин яваа жолооч таны тээврийн хэрэгслийн
гэрчилгээ бусад бичиг баримт чанарын шаардлага хангахгүй норсон,
урагдсан, сэмэрсэн байвал газар дээр нь тус бичиг баримтаа солих
шаардлагыг тавьж, тээврийн байцаагчид газар дээр нь сольж өгөхөөр
болжээ.

ХОТ ХООРОНД ЯВАХ ТАСАЛБАРАА ЦАХИМААР ЗАХИАЛААРАЙ

Орон нутагт зорчих гэж байгаа иргэд заавал зорчигч тээврийн төв рүү
явах шаардлагатай болдог. Тэгвэл өнгөрсөн долдугаар сараас эхлэн орон
нутаг руу явах хүн өөрийнхөө явах чиглэлийн тасалбарыг онлайнаар
захиалах боломжтой болжээ. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн албан
ёсны сайтад хандаж захиалгаа өгнө. Мөн онлайнаар тасалбар захиалахад
нэмэлт төлбөр шаардагдахгүй. Жишээлбэл иргэн та маргааш Өвөрхангай аймаг
руу явахаар боллоо гэхэд өнөөдөр орой дээрх төвийн албаны сайтад хандаж
тасалбараа захиалж болно. Мөн сарын дараа Өвөрхангай аймаг руу явах
байсан ч 30 хоногийн өмнө буюу өнөөдөр ч тасалбараа цахимаар захиалж
болох нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *