Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудын төлбөр 10-40 хувиар нэмэгджээ

2015-2016 оны хичээлийн жилд их дээд сургуулиудын сургалтын төлбөр 10-40
хүртэлх хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, Монгол улсын их сургууль
(МУИС) сургалтын төлбөрөө 12 хувиар, харин шинээр элсэгчдийн төлбөрөө
30-40 хувиар нэмсэн байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
(АШУҮИХ) өнгөрсөн жил 58 мянга 500 байсан кредит цагийнхаа төлбөрийг
энэ жил 70 мянга болгож нэмэгдүүлжээ. Нэгдүгээр курсийн оюутан жилд
дунджаар 34 кредит судалдаг гэж үзвэл жилийн төлбөр нь 2.3 сая төгрөг
болсоныг тус сургуулийн удирдлагууд мэдээллээ. Харин Монгол улсын
боловсролын их сургууль (МУБИС) сургалтын төлбөрөө 1.9 сая төгрөгөөс
хэтрүүлэхгүй буюу 10-15 орчим хувиар нэмсэн бол хамгийн олон оюутантай
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) сургалтын төлбөр хэд
болж нэмэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн их
сургууль (ХААИС) өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа
сургалтын төлбөрөө 15-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Энэ нь тус
сургуулийн сургалтын төлбөр 1.8-2.2 сая төгрөгийн хооронд байхаар
тогтсон гэсэн үг юм. Нэг талаас их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа дан
ганц сургалтын төлбөрөөсөө санхүүжүүлдэг нь сургалтын төлбөрийг жил бүр
тогтмол нэмэгдүүлэхэд хүргэж буйг сургуулийн удирдлагууд тайлбарлажээ.
АШУҮИС-ийн удирдлагын мэдээлснээр энэ жил улсын төсвөөс ямар нэгэн
санхүүжилт олгоогүй, үйл ажиллагаагаа зөвхөн сургалтын төлбөрөөрөө
санхүүжүүлж байгаа юм байна. Нийт санхүүжилтийн 70 гаруй хувь нь багш,
ажилчдын цалин, хөлсөнд зарцуулагддаг байна. Харин Монголын Оюутны
холбоо их дээд сургуулиуд төлбөрийн хэт өндөр нэмэгдсэн гэж үзэж
эсэргүүцсэн албан шаардлага хүргүүлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *