Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Далан саяын усан хөшиг долоо хонолгүй эвдэрчихэв үү

“Арслантай гүүр”-нээс урсах 70 саяын үнэтэй усан хөшиг долоо хоног хүрэхгүй богино настай байжээ. Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хурган дарга нар тууз хайчлан усан хөшгийн нээлтийг хийсэн. Хотын агаарын бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг нэмэх зорилгоор бүтээн байгуулсан гэх уг ажлаа 70 сая төгрөгийн өртөгтэй гэдгийг “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын дарга тодотгосон билээ. Гүйцэтгэгч “Хан-Урсгал” компанийн захирал бүсгүй зэвэрдэггүй хоолойгоор усан хөшиг хийснээ ярьж, гурван жилийн баталгаа амласан. Гэтэл өнөөх нь долоо хонолгүй ажиллахаа больчихлоо. Төмөр хоолой нь салж, скочоор тогтоочихжээ. Хөрсний усыг тусгайлан бэлтгэдэг цоргоных нь ам сэтэрчихэж.

Өндөр хөгжилтэй улс орон, хотуудын гүүрнээс урсах усан хөшиг ямар үзэсгэлэнтэй харагддаг билээ. Түүнтэй адил бүтээн байгуулалтыг түвэгшээх, буруутгах хүн байхгүй. Хотын өнгө үзэмжийг чимнэ гэж хүн бүр усан хөшиг нээгдэх талаар чих тавьж байсан. Гэтэл олны төсөөлж байсан шиг сайхан, нүд баясгасан бүтээн байгуулалт болсонгүй. Ерөнхийдөө Арслантай гүүрний усан хөшгийг арай л халтуурдчихлаа. Гүүрнээс бэхэлсэн төмөр хоолойны нүхээр ус гоожуулсан төдий ядмагхан ажил болжээ. Төмөр хоолойных нь өнгө үзэмж тамтаггүй. Ийм хоолой хэдийг холбож, гагнаад, насос хийхэд ихдээ л долоон сая төгрөг хангалттай гэж уншигчид ярьж байна. Арслантай гүүр 40 метрийн урттай. Үүнд том төмөр хоолой 120 метр, жижиг нь 100 метр байхад хангалттай гэнэ. Үүн дээр хаалт гэх мэт хэрэглэл нэмэгдээд дөрөв орчим сая төгрөг. Гэрэлтдэг цахилгаан кабель 200 метр, дагалдах хоолойтойгоо нийлээд 1.5-2 сая төгрөг. Усанд дүрдэг хоёр ширхэг насос 800 мянган төгрөг гээд нийлбэл хамгийн сайн материал найман сая төгрөг болно гэсэн тооцоог манай уншигч гаргалаа. Гэтэл энэ дүнгээс арав шахам дахин үнэтэй усан хөшиг хийсэн нөхдүүд нийслэлчүүдийг арай л дэндүү басамжилж байх шиг. Ийм байдлаар Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийх вий дээ.

Ц.Өрнөх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *