Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс цахим картаар зорчино

Нийтийн тээврийн шинэчлэлийн үр дүнтэй нийслэлчүүд өнөөдрөөс танилцах гэж байна. Энэ өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврийн автобусанд суухдаа картаа цахим машинд уншуулж ордог болно. Гэхдээ одоогоор иргэд цахим картаа төдийлөн авч амжаагүй байгаа аж. Тиймээс иргэдийг цахим карттай болох хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулахаар байрлуулжээ. Үйлчлүүлэгчид цахим карт худалдаж авах хүртэл бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болох юм.

“ИРГЭДЭД МЭДЭЭЛ ӨГНӨ”

Өнөөдөр 10.00 цагт Чингисийн талбайд нийтийн тээврийн шинэчлэлийн нээлтийн ажиллагаа болно. Иргэд цахим систем, карттай холбоотой цогц мэдээллийг эндээс авах юм. Мөн энэ үеэр цахим картаар автобусаар үйлчлүүлэх заавар, карт худалдан авах цэг, ашиглах нөхцөл зэрэг бүх мэдээллийг иргэдэд өгөх аж. Ингээд маргаашнаас нийтийн тээврийн шинэчлэл биеллээ олоод ирэхээр иргэд автобусны цахим машинаар картаа уншуулаад ордог болох юм.

“ЦАХИМ КАРТАА ТҮЦ-ЭЭС АВНА”

Цахим картыг автобусны буудал дээрх ТҮЦ-үүдээс худалдан авна. Одоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулжээ. Цаашид энэ тоог 400 болгох юм. Картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэнэ.

Картын хувьд дотроо төрөлтэй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэн гэсэн төрлүүд бий. Ахмад настан, групптэй иргэдийн хувьд хорооны халамжийн ажилтнаараа дамжуулан картаа авч болох юм.

“КОНДУКТОРТОЙ ХАРЬЦАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО”

Цахим карт хэрэглэх болнооср иргэд кондуктортой харьцаж, тасалбар авах шаардлагагүй болж байна. Зорчигч автобусанд ороод картаа машинд уншуулна. Эсвэл бэлэн мөнгөний машинд мөнгөө хийнэ. Харин энэ процессийг кондукторууд хянах үүрэг гүйцэтгэнэ.

“Яваандаа нийтийн тээврийн автобусанд кондукторын үүрэггүй болно” хэмээн албаныхан тооцоолж буй. Гэхдээ иргэд хүнээр чичлүүлж, заалгахгүйгээр өөрсдөө ухамсарлаж, цахим картаар зохистой үйлчлүүлдэг болсон цагт кондукторуудыг ажлаас чөлөөлөх бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *