Categories
мэдээ нийгэм

Наадам урианхай сурын харваагаар эхэллээ

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэллээ. Энэ жилийн үндэсний сурын харваа урианхай харваагаар өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдөр Сурын талбайд эхэлсэн юм. Урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ий харваач Батхуягийн Хатансайхан 30 сумнаас 28 онож түрүүлэн улсын мэргэний болзол хангасан байна.Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 90-150 гр жинтэй байдаг. Харваачид дундаас урианхай харвааны эрхийн мэргэн 1, дархан мэргэн 1, хошой мэргэн 6, улсын мэргэн 10 гаруй төрөөд байна.Энэ жилийн баяр наадмын урианхай сурын харваанд урианхай дархан мэргэн 1, хошой мэргэн 1, улсын мэргэн 7, спортын мастер, дэд мастер 60 гаруй оролцлоо.

Уралдааны дүнг танилцуулья:

1-р байр: Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ий харваач Батхуягийн Хатансайхан 30 сумнаас 28 оножээ.

2-р байр: Ховд аймгийн Дуут сумын харьяат Дансрангийн Чулуунбат 27 оноо.

3-р байр: Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, “Шинэ налайх” багийн харваач хошой мэргэн Баастын Мөнхтөр 26 оноо.

4-р байр: Ховд аймгийн дуут сумын харьяат, Залуугийн Баярсайхан 25 оноо.

5-р байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” багийн харваач Бөхийн Бямбажав 25 оноогоор тус тус шалгарлаа.

Үндэсний сурын талбайд өнөөдөр буриад сурын харваа эхэллээ. Буриад сурын харваанд эрэгтэй, эмэгтэй нийт 160 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *