Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг батлав

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.07.02.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн
анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан зарчмын
зөрүүтэй 89 дэх саналаас эхлэн байнгын хорооноос дэмжигдсэн болон
дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол, мөн найруулгын
саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн
хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Дараа нь “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн
анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал,
дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав. Тус байнгын
хороо чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үдийн завсарлагаар хуралдан
тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг анхны
хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна. Ингээд горимын
саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд
оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг батлах
санал хураалгахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.

Байнгын хороо хуулийн төсөл
санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 17,
Байнгын хороодоос 37, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдээс 42,
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн С.Оюун нараас 11,
Монгол Улсын Засгийн газраас 39, нийт 146 төслийг хэлэлцэх асуудлын
жагсаалтад тусгуулахаар санал ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит
чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа
намрын чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль,
тогтоолын төслүүд; Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн
шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд
хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг багтаах гэсэн зарчмыг баримтлан
тогтоолын төсөлд 24 төслийг нэр зааж тусгасан талаар байнгын хорооны
санал, дүгнэлтэд дурджээ. Харин тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн
шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад
шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд
оруулахдаа Байнгын хороодын саналыг харгалзаж үзэх, түүнчлэн одоогоор
боловсруулах шатандаа байгаа, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээгүй бусад
төслүүдийг өргөн мэдүүлсэн үед нь хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр
шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар
тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл
Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмэх санал
гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит
чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд Монгол Улсын Их
Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр
төлөвлөжээ.

Үүнд:

1/Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

З/Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл
батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

7/Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

8/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

10/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

11/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

14/Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд;
15/Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон
холбогдох бусад хуулийн төслүүд;

16/“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Халх гол чөлөөт бүс байгуулах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/Органик хүнсний тухай хуулийн төсөл;

18/Хог хаягдлын тухай хуулийн төсөл;

19/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

20/Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

22/Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

23/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/бусад.

Эдгээрээс бусад хэлэлцүүлгийн шатанд
байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их
Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын
ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар
тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй
холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү нар Байнгын
хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд Улсын Их Хурлын 2015
оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын
тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд
оролцсон гишүүдийн 86.0 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Мөн үдээс хойших чуулганаар “Монгол
Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын
тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн
тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Ч.Хүрэлбаатар
танилцуулсан юм. Байнгын хороод 2014 оны улсын төсвийн гүйцэтгэл,
Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдрийн
хуралдаанаараа хийж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд
хороонд ирүүлснийг тус дэд хороо өнөөдөр хуралдан Байнгын хороодоос
гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцжээ. Дэд хорооны хуралдаанаар
улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь
хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны
гүйцэтгэл батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэнийг дэмжсэн байна.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны
санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл,
О.Баасанхүү, М.Зоригт, Ц.Нямдорж нар асуулт асууж саналаа хэлсэн юм.
Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их
Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн
хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив. Ингэснээр Монгол
Улсын өнгөрсөн оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 4 их наяд
204.360,5 сая төгрөгөөр, төсвийн тэнцвэржүүлсэн зарлагын хэмжээ 5 их
наяд 229.168,8 сая төгрөгөөр батлагдав. Харин Төсвийн зарлагын хяналтын
дэд хорооноос боловсруулсан Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл
батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их
Хурлын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 70.7 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *