Categories
мэдээ нийгэм

Европын холбооны төлөөлөгчид Улаанбаатарт ажиллалаа

АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт ирэх онд Улаанбаатарт болно. Үүнтэй холбогдуулан уулзалтын бэлтгэл ажилтай танилцах, Европын холбооны туршлагаас хуваалцах, манай талтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн сарын 29-нд төлөөлөгчид ирж ажилласан байна.

Эдгээр төлөөлөгчдийг Европын холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн ахлаж байгаа аж. Тэд Улаанбаатар хотод ажиллахдаа Гадаад хэргийн яамны холбогдох газрууд, АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзжээ. Мөн АСЕМ-ын хотхон, Шангри-Ла зочид буудалтай танилцсан байна.

АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулахад Европын холбоо бүхий л талаар туслан, дэмжихээ илэрхийлжээ. Ирэх онд болох уулзалтад 53 орны өндөр албан тушаалтнууд, 2000 орчим сэтгүүлч оролцох юм. Энэ нь замын түгжрэл гэх мэт бэрхшээлийг үүсгэдэг ч олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөнө гэж зохион байгуулагчид үзэж байгаагаа хэлж байгаа.

Уулзалтын хүрээнд парламентын гишүүд, иргэний нийгмийнхэн, бизнес эрхлэгчид гэсэн гурван түвшний хурлууд тус тусдаа болно. Энэ үеэр Азийн ирээдүй гэсэн сэдвийг голлон хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 60 хувийг бүрдүүлдэг АСЕМ-ийн орнуудын удирдагчид ирэх 10 жилийн төлөв байдлын талаарх дүн шинжилгээгээ бие биетэйгээ хуваалцах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *