Categories
мэдээ улс-төр

Засаг дарга нар “Хурдны зам”-ыг дэмжин ажиллахаа илэрхийллээ

“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам нь Монгол Улсын зургаан аймгийн 25 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутгийг дайран өнгөрч байгаа билээ. Хурдны замын дагуу ирээдүйд шинэ суурьшлийн бүс, дагуу хот, суурин хөгжих бөгөөд улмаар олон мянган ажлын байр бий болох юм. Иймээс Чингис Лэнд Девелопмент Группээс санаачлан “Талын зам ба хөгжил” сэдвийн хүрээнд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон бусад албаны хүмүүсийг хамруулсан өргөн хэмжээний форум зохион байгууллаа. Энэхүү форумаар Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, зам дагуу бий болох шинэ шинэ хот, суурин хаана байрлах, ямар онцлогтой байх, хэр хэмжээний ажлын байр бий болох, цаашид хэрхэн хөгжих, энэ төсөл дээр орон нутгийн зүгээс хэрхэн оролцох зэрэг олон асуудлыг хэлэлцэн зөвлөлдсөн юм. Форумын үр дүнд төсөл хэрэгжүүлэгч тал болон холбогдох аймаг сумдын зочид төлөөлөгч нар санал бодлоо чөлөөтэй солилцож, хэрхэн хамтран ажиллах талаар асуудал дэвшүүлэн ярилцав. Ингээд төсөл хэрэгжүүлэгч тал болох “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК нь холбогдох аймаг сумдын засаг дарга нартай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Энэхүү томоохон бүтээн байгуулалт болсон хурдны авто замын төсөлд хамтран ажиллана гэдгээ холбогдох аймаг сумдын төлөөлөгч нар илэрхийлсэн юм. Аймаг сумдын засаг дарга нар уг зам нь Монгол Улсын хөгжилд төдийгүй, сум орон нутагт хөгжил авч ирэх зам болох учиртайг онцлон тэмдэглэж, төслийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мэдээлэл өгөхөд Чингис Лэнд Девелопмент Групп нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага “Талын зам” төслийн хэрэгжиж эхлээд буй “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам” төслийг концессийн гэрээгээр хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 399 дүгээр тогтоолын дагуу 2014 оны гуравдугаар сарын 9-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамтай концессийн гэрээ байгуулсан билээ. Энэхүү төсөл нь ОХУ болон БНХАУ төдийгүй Ази – Европийг холбосон, нийгэм-эдийн засгийн ихээхэн үр нөлөөтэй бөгөөд уг хурдны замыг гурван жилийн хугацаанд барьж байгуулах зорилт тавин ажиллаж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *