Categories
мэдээ нийгэм

Төв шуудангийн урд замыг 20-нд нээнэ

Нийслэлийн удирдлагууд Төв шуудангийн уулзвараас Цэцэг төв хүртэлх замыг хааж, дулааны төв шугамыг шинэчлэн сольж байгаагаа ажлын явцтай танилцлаа.

1982 онд барьж эхлээд 1987 онд ашиглалтад оруулж байсан энэхүү дулааны шугамтай хамт нэвтрэх сувагт 1700м цэвэр усны шугамыг хамтад нь өргөтгөн шинэчилж байгаа аж. Ингэснээр төслийг цогц хэлбэрээр хэрэгжүүлж, Энхтайваны өргөн чөлөөг хааж, дахин цэвэр усны шугамыг солих шаардлага гарахгүй гэнэ.

Цэвэр усны шугамыг ус таслаж хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүйгээр шөнийн цагаар солино

Мөн дулааны шугамыг сольсноор орон сууцны VII хороолол, Дэнжийн мянга орчмыг төвлөрсөн дулааны эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой болох юм байна.

Зургаадугаар сарын 25-нд энэ ажлыг дуусгаж, зам нээхээр төлөвлөж байсан ч дөрвөөс тав хоногийн өмнө дуусах магадлалтай гэж гүйцэтгэгч “Хангилцаг” компанийн талбайн инженер Э.Эрдэнэхүү хэллээ.

Шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажилд 12,65 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэж, “Хангилцаг” ХХК, “Эй Би Жи Энерго” ХХК, “Гандирс орд ХХК”-иудаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулжээ.

Цэвэр усны шугаманд хуванцар шугам тавья гэсэн санал гарсан боловч дулааны шугам нь 110-130 хэм хүртэл өндөр халдаг учир хуванцар шугам тавих боломжгүй, хайлж ус алдана гэж үзээд төмөр хоолойгоор шинэчлэхээр шийджээ.

УСУГ-ын ерөнхий инженер Д.Баатархуяг “Дулааны шугамтай хамт цэвэр усны ф400 мм-ийн голчтой шугамыг ф500 мм шугамаар өргөтгөн сольж байна. Цэвэр усны шугамыг солих явцад ус таслаж хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүйгээр шөнийн цагаар хийнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *