Categories
мэдээ улс-төр

Л.Эрдэнэчимэг: Таван толгойн дүгнэлтийг гурван хоногийн дараа гаргана

“Тавантолгой”-н гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх, үгүйг шийдэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж буй. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Дэд ажлын хэсэг 3000 гаруй хуудастай материал дээр ажиллаад 50 гаруй хуудастай дүгнэлтийг бэлэн болгоод байна. Хүссэн зарим материал ирэхгүй байгаа. Тухайлбал, гэрээний англи хэл дээрх хувилбар бидэнд ирээгүй. Яагаад өгөхгүй байгааг ойлгохгүй байгаа. Асуудал гарвал англи хэл дээрх эх хувилбараар Лондонгийн арбитрийн шүүх дээр очих учраас бид нэхээд байгаа юм. Засгийн газрын хэрэг, эрхлэх газраас материалаа бүрдүүлээд өгчих юм бол 2-3 хоногийн дараа шийдвэрээ гаргана. Ажлын хэсэгт өгөхгүй байгаа бас нэг материал нь 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолыг батлах проткол байгаа. Уг протколыг хэд, хэдэн компанийг шалгаруулах зорилгоор хийгдсэн гэж бид үзэж байгаа. Тиймээс уг протоколыг авч үзэж байж Засгийн газрын аль гишүүнээс ямар санал гаргасныг мэднэ. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн материалыг бидэнд ирүүлээгүй. Гэхдээ бид интернэтээс олж авсан. Ер нь гурван хоногийн дараа эцсийн дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад хүргүүлнэ” гэж ярилаа.

Гашуун сухайт- Ухаа Худаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замын асуудал дээр “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших хувилбараар хөрөнгө оруулагчидтай хамтрах ёстой гэсэн дүгнэлт ажлын хэсгээс гарах юм байна. Л.Эрдэнэчимэг “ 2010 онд шалгарсан зургаан компанидаа дахин хүсэлт тавьж тендер зарлах боломжтой. Тус зургаан компаниасаа хамгийн эхэлж төмөр замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулъя. Тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар ажиллаж байна” хэмээн ярьж байна. Энэ дүгнэлтийг гаргавэл олборлогч компанийн шалгаруултад “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох боломжтой гэнэ. 1072 хувьцааны асуудал ч дүгнэлтэд багтах аж. Тавантолгойд нийт 15 тэрбум хувьцаа гаргасан. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болж байгаа гэнэ. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “2.1 сая иргэн болон аж ахуй нэгжүүдийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тэгэхээр Монгол улсын Засгийн газар өөрийн эзэмшиж буй хувьцааг хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийн эрхийн асуудал. Харин иргэдийн болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг цааш нь дамжуулан хэн нэгэнд ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрлийг нь авах ёстой. Эсвэл нөхөн төлбөрөө төлөх ёстой. Тиймээс Засгийн газар энэ хувьцааг 1.5 тэрбумаар худалдаж аваад, дараа нь хэрэгжүүлэгч компаниудад өгч болох юм. Ийм дүгнэлттэй учраас 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах заалтыг гэрээнд тусгаж өгөх шаардлагатай гэж үзэж ярилцаж байна” хэмээн ярилаа. Тэрээр мөн “Бид ийм дүгнэлт гаргаж өгнө. Хэрвээ Засгийн газар манай дүгнэлттэй санал нийлэх юм бол Тавантолгойн гэрээний төслийг буцааж авах байх. УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болох дүгнэлтийг гаргаж болно. Учир нь маш олон хууль, тогтоомж зөрчсөн байна. Аливаа нэг хууль, тогтоомжийг зөрчсөн гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй. Тиймээс Засгийн газар энэхүү гэрээг буцааж татаад хууль тогтоомжиндоо нийцүүлж оруулж ирэх байх гэж харж байна. Мөн ажлын хэсгээс тогтоолын төслийг бэлтгэж УИХ-д оруулахаар бэлтгэж байна” гэж байр сууриа илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *