Categories
мэдээ цаг-үе

Багтай хоёр залуу гал руу орж гараад байсан ч хүүхдүүдийг олоогүй

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутагт гэртээ цоожлогдсон гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 8-нд гарсан. Тэр өдрийн 14.13 цагт гал гарсан тухай дуудлагыг хүлээж аваад аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж гал унтраасан аж. Гэвч байшинд байсан гурван хүүхдийг аварч чадаагүй. Болсон явдлын талаар тэнд байсан эх сурвалжтай ярилцлаа. Хүүхдүүдийн аав ээж хэцүү байдалд байгаа учраас эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Тавдугаар сарын 8-ны өдөр гал гарсан. Хүүхдүүд өдөр бүр гэртээ цоожлогддог байсан юм болов уу?

-А-ийн хоёр хүүхдийн том нь зургаан настай охин, бага нь хоёр настай хүү байсан юм шүү дээ. Хоёулаа цэцэрлэгт явдаг. Эмээ нь харж байгаад саяхнаас бага охиныг нь цэцэрлэгт явуулдаг болсон юм. Хаа сайгүй цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байна гэдэг яриа гараад байгаа шүү дээ. Хятадын үсний хавчаарнаас бөөс үсрээд байна л гээд байгаа. Тийм хэл үгнээс болоод хоёр хүүхдэдээ чөлөө авчихсан, цэцэрлэгт нь явуулахгүй байсан юм. Харамсалтай нь хэрэг гарах үеэр эмээ нь Алаг-Эрдэнэ суманд байсан. Аав, ээж хоёр нь ажилтай гадуур гарахдаа хүүхдүүдээ гэртээ үлдээчихсэн хэрэг. Хүйтэн шуургатай, хуйсганасан өдөр байсан юм. Гадаа гараад даарчихна гэж бодсон хэрэг. Тийм гай зовлон тохионо гэж яаж таамаглах билээ.

-Арван настай хүү өөр сумаас тэднийд ирчихсэн байсан гэсэн үү?

-Эхнэрийнх нь эгчийн арван настай хүү Түнэл сумаас ирчихсэн. Хичээлээсээ чөлөө аваад, амралтынхаа өдрийг тааруулаад ирчихсэн байсан.

-Аав, ээж нь яваад хэр удсан бол?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гал өдөр гарсан. Үдээс өмнө л аав ээж нь явсан гэж ярьсан.

-Та гал гарсныг яаж мэдсэн юм бэ?

-Галын машин дуугараад, тэдний гудамжнаас улаан гал харагдаад эхэлсэн. Яваад очиход галынхан ирчихсэн. Өнөөх хөөс, усаа цацаж байсан. Гал гэж тамтаггүй. Улаан гал дүрэлзээд, утаа униар гэж хэлэх үг байхгүй.

-Тэнд олон хүн байсан уу?

-Тэр гудамжныхан бараг бүгдээрээ цуглачихсан байсан. Хүмүүс шуугилдаад, дайраад эмх замбараагүй л байсан.

-Галыг хэр хугацаанд унтраасан бол?

-Бараг 16.00 цагийн орчимд гал бүрэн унтарсан болов уу. Их том байшин шүү дээ.

-Хоёр цаг гаруй хугацаанд хүүхдүүдийг гаргаж чадаагүй гэж үү?

-Хамгийн гол нь дуудлага оройтож өгсөн. Гал дүрэлзчихсэн байхад дуудлага өгсөн юм билээ. Онцгойгийнхноос гадна тэнд байсан хүмүүс хүртэл дайраад, унтраах гэж үзээд байсан.

-Хүүхдүүдийн аав ээж хэзээ нь ирсэн бол?

-Аав нь бараг онцгойгийн­хонтой хамт шахам ирсэн. Ээж нь нэг мэдэхэд л ирчихсэн байсан. Бас ээжийнх нь ах ирчихсэн. Тэд бүгд гэр рүүгээ орох гэж зүтгээд онцгойгийнхон хориглоод байсан. Хүүхдүүд нь гал дунд байхад аав ээж нь дайралгүй л яах вэ. Ухаанаа алдчихсан байгаа шүү дээ. Ерөөсөө хүчрэгдэхгүй байсан.

-Цонхны төмөр хаалт, хаалгыг нь онгойлгох боломж байгаагүй юм болов уу?

-Онцгойгийнхныг ирэхээс өмнө тэнд байсан хүмүүс хаалгыг нь эвдчихсэн байсан. Дүнзэн модыг хэдэн талаас нь өргөж ирээд хаалгыг цохиж эвдсэн. Гэхдээ тэр үед гал дүрэлзчихсэн байсан болохоор орж чадаагүй. Онцгойгийнхон ирээд цонх онгойлгох гэж их цаг алдах шиг харагдсан. Гал руу ойртож болохгүй байсан юм болов уу гэж бодсон.

-Онцгойгийн аврагчид байшинд орсон юм уу?

-Багтай хоёр залуу гал руу орж гараад байсан ч хүүхдүүдийг олоогүй. Амандаа галаас хамгаалах баг зүүгээд гал руу ороод төд удалгүй гарч ирээд байсан. Хүүхдүүдийн аав бас зэрэгцэж орох гээд дайраад байсан учраас хоёр, гурван аврагч хориглоод байсан.

-Туршлагатай гал сөнөөгчийн ярьж байгаагаар гал гарах үед хүмүүс орон доороо хамгийн түрүүнд нуугддаг. Үүнийг аврагчид мэдэж байх ёстой гэсэн?

-Зургаан настай охин дүүгээ аваад орон доороо хөнжлөөр хучаад хэвтчихсэн байсан байна лээ. Унтлагын өрөөнд аврагчид орсон ч хараагүй гэсэн. Гал нэлээд намжсаны дараа аав нь ороод яг орондоо хүрч байхад аврагчид хориглоод буцаад гаргачихсан юм билээ. Хэрвээ аав нь цаашаа нэг алхсан бол хүүхдүүд дээрээ оччих байсан. Дэндүү харамсалтай зүйл болсон. Галд хүмүүс орон дор ордог гэдгийг мэргэжлийн биш бид яаж мэдэх билээ. Харин аврагчид амьдрал дээр биш гэхэд хичээл номноосоо үзсэн л баймаар юм. Хоёр залуу байшин руу хэд, хэдэн удаа орохдоо орон дор шагайсан бол хүүхдүүдийг олчих байсан юм билээ. Аав нь зөнгөөрөө хүүхдүүддээ ойртсон байх. Харамсалтай нь аварч чадаагүй.

-Арван настай хүү цонхныхоо дэргэд ухаан алдсан гэсэн үү?

-Тэр гэрт байсан хамгийн том хүн шүү дээ. Тэгээд л дүү нараа аврах гэж оролдсон бололтой юм билээ, хөөрхий. Цонхыг гараараа хагалсан бололтой хуруу, гар нь зүсэгдсэн байсан. Бас хагалсан цонхоороо толгойгоо гаргах гэсэн бололтой хүзүү нь зүсэгдчихсэн байсан. Онцгойгийнхон ирэхэд тэр гурван хүүхэд ухаан алдчихсан байсан бололтой. Дуу чимээ гарахгүй байсан. Нялх амьтад амьд гарах гэж чадлаараа зүтгэсэн нь харагдсан. Даанч тэнд байсан олон том хүн яаж ч чадалгүй харсаар байгаад хөөрхий хүүхдүүдийг алдчихлаа. Мөрөн сумын ЗДТГ-ын ажилтнууд, цагдаа, прокурор бүгд байсан шүү дээ. Болсон явдлыг бүгд харсан. Энэ явдлын дараа Жилчиг багийн Засаг дарга бас харамсалтайгаар амиа алдсан. Тийм аймшигтай зүйлийг хараад цочирдоод даралт харвачихлаа.

-Хүүхдүүдийн аав ээжид маш хүнд байгаа нь гарцаагүй. Мөрөн сумын удирдлагууд талийгаачдын араас буяны ажил зохион байгуулъя гэсэн ч аав ээж нь зөвшөөрөөгүй гэсэн.

-27 настай залуучууд шүү дээ. Нэг ангийн хоёр юм. Гэр бүл болоод зургаа, долоон жил болж байгаа. Гэрийн эзэн Өмнөговь аймагт замын компанид ажиллаж байгаад саяхан ирсэн. Эхнэр нь гэр зуураа ажил хийдэг. Боломжийн амьдралтай, сайхан айл байсан юм. Хоёр сайхан үрээ нэг өдөр, нүдэн дээрээ алдах ямар байх билээ. Аав ээж нь тун хүнд байдалд байгаа. Сумынхан нь талийгаач хүүхдүүдийг нутаглуулах ажил явдалд бүгд шахам оролцсон. Ажил явдлын үеэр олон хүн бужигнаад элдэв зүйл бодох сөхөөгүй байсан байх. Одоо хүмүүс нь шингэрээд аав ээж хоёрт улам хэцүү байх шиг байна. Хүмүүст хандаж хэлэхэд бие засах байсан ч хүүхдүүдээ битгий гэртээ цоожлоорой. Харгалзах хүнгүй битгий үлдээгээч гэж гуймаар байна. 10 минут гараад ажлаа амжуулаад ирэхэд арван жил баяр баясгалан бэлэглэсэн үр нь амиа алдах эрсдэл байдаг юм байна. Төсөөлж ч болохгүй гай гэдэг нэг л өдөр нөмөрчихдөгийг мэдэрлээ. Хүүхдээ хараанаасаа битгий салгаарай л гэж аав, ээжүүдээс гуймаар байна. Тэр өдөр гал үүднээс амбаарын дээврээс эхэлж гарсан гэсэн. Цахилгааны утаснаас гал авалцсан юм уу даа. Тийм гай тохионо гэж хэн, яаж таамаглах билээ. Аав ээж хоёр нь өөрсдийгөө буруутгаад хүнтэй ч таван үг солихгүй хэцүү байна. Онцгойгийнхон, аврагчид, тэнд байсан хүмүүсийг буруутгалаа гээд бурханы оронд одсон хүүхдүүд нь эргээд ирэх биш. Хэн нэгэнтэй заргалдлаа гээд өнгөрсөн цаг хугацааг буцааж болох биш. Өөрийгөө зүхлээ гээд араас нь үхчихэж болдоггүй хорвоо хойно. Ийм л гай зовлон, уй гашуу тохиолдчихоод байна. Дахиад олон айл ийм хагацал битгий үзээсэй. Өмнө нь гэртээ байсан хүүхэд галд амиа алдлаа гэдэг мэдээ сонсож, үзээд харамсдаг байснаас сайн ойлгодоггүй, ухаарал авдаггүй байж. Энэ гурван хүүхдийн тухай сонссон, уншсан бүх хүн хүүхдээ гэртээ битгий үлдээж байгаач гэж хүсч байна. Хэцүү, түвэгтэй байсан ч хүүхдээ хөтлөөд, дагуулаад явж байгаарай гэж гуймаар санагдах юм.

Б.ТЭРГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *