“Нээрэн, яргуй идэх сайн” гэж монголчууд бие биедээ захиж өдий цагт нэгийг ч болов үмхээдэх гэж зөвлөдөг. Хавар эрт цэцэглэдэг олон наст энэхүү ургамал нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх олон талын ач тустай. Яргуйг нэг дор олноор нь иддэггүй. Өдөрт нэгээр гурав эсвэл долоо хоног идвэл хор тайлан, хавдар хариулж, хүний биеийн хэм барьж, булчирхайн сүрьеэ, шамбарам зэргийг эдгээх бөгөөд ходоодны гал илчийг сайжруулж тамир тэнхээ оруулан, шар усны өвчнийг хатаадаг шидтэй цэцэг гэнэм.
Дэлбээг нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цусны даралт буурдаг аж. Дээр үеэс монголчууд уг цэцгийг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралыг анагааж, үргүйдэл, сүрьеэ, хөхүүл ханиад, хоолойн өвчнийг эдгээж, толгой таллаж өвдөхийг ул мөргүй эмчлэхэд хэрэглэсээр ирж. Түүгээр ч зогсохгүй арьс өнгөний өвчнөөс хамгаалж, сарын тэмдэг саатах, гуурсан багтраа зэрэгт сайн нөлөө үзүүлэх агаад зүрхний дутагдал, зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд тангийн оронд буцалгаж уухад тустай гэж ардын уламжлалт эмчилгээний ном сударт тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ ходоодны ил шархлаа, элэгний хатуурлын үед хориглодог бөгөөд жирэмсэн эхчүүдэд цээрлэдэг ч төрөх үед хүндрэлгүй амаржуулахад ганцыг идэхэд гэмгүй гэжээ. Ийм олон талын ашиг тустай энэ ургамал манай орондургадаг бөгөөд цэцэг нь 5-10 хоногийн настай ч шид нь жилээ барьдаг гэдэг юм билээ.
Д.ГАНСАРУУЛ