Categories
мэдээ нийгэм

Даатгалын компаниуд иргэдийг залилж байжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Энэ талаараа тус газрын дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Шалгалтад “Ард даатгал”, ”Улаанбаатар хотын даатгал”, “Хаан даатгал” компани хамрагдсан байна.

Тухайлбал, “Хаан даатгал” компани орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан түүний харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан иргэдээс даатгалын мөнгийг шууд хураан авч байжээ. Тус компани хөрөнгийн болон хариуцлагын даатгалын хэлбэрээр тусгай зөвшөөрөл авч, зөвхөн орон сууцны хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын даатгал хамт/-ын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулахаар бүртгүүлээгүй буюу эрх олгогдоогүй гэсэн үг.

Түүнчлэн дээрх компани даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Харин “Ард даатгал” компани СӨХ-дтой хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдлаар орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйлчилгээний хураамж /1000 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр авч байсан гэнэ. Мөн даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй нь илэрчээ. “Ард даатгал” компани 2013-2015 онд оршин суугчдаас дээрх хууль бус байдлаар нийт 246.5 сая төгрөгийг авч, иргэдэд хохирол учруулжээ.

“Улаанбаатар хотын даатгал” компанид мөн дээрхтэй адил зөрчлүүд илэрсэн байна. Иймээс ШӨТХГ-аас нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон “Хаан даатгал” компанинй хууль бус хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох саналыг хотын мэрд хүргүүлсэн байна. Мөн зөрчлийг арилгуулах, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулахыг дээрх компаниудад үүрэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *