Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангай аймгийн өрсөлдөх чадвар сайжирчээ

Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын 2014 оны тайлан сэдвээр өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд хэв­лэлийн хурал зохион бай­гууллаа. Тайланг Эдийн засаг, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми, мэргэ­жилтэн Ч.Ганбат, менежер И.Одончимэг болон Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг, төслийн ажилтан Г.Гантуяа нар танилцуулсан юм. Уг судалгааг эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжил гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр харьцуулж хийдэг бөгөөд нийт 180 орчим үзүү­­лэлтээр гаргадаг аж. Тайлангаас харахад Орхон, Өмнөговь, Дархан-Уул зэрэг уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, шилжих хөдөлгөөн багатай, хүн ам нь жилд дунджаар 1.8 хувиар нэмэгдсэн хотожсон аймгууд тэргүүлсэн байна. Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй Орхон аймгийг зуун оноотой гэж үзвэл Өмнөговь аймаг 87, Дархан-Уул аймаг 86 оноотой байгаа юм бай­на. Харин Баян­хонгор 46, Дундговь аймаг 30 оноогоор сүүл мушгиж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Өрсөлдөх чадварын оноо­гоо хамгийн ихээр сайжруулсан аймагт Архангай аймаг оржээ. Тус аймаг нэг хүнд оногдох хадгаламжийн хэмжээ нь 431-521 мянган төгрөг болсон бол нэг өрхөд оногдох малын хэмжээ нь 249-275 болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Хамгийн муу үзүүлэлттэй гарсан Дунд­говь аймаг хөдөлмөрийн зах зээл маш тааруу, замын чанар муу учир сүүлийн гурван жилд хүн амынх нь тоо 46-44 мянга буюу жил бүр мянган хүнээр хорогдсон тайлан гараад байгаа юм байна. Баруун аймагт цахилгааны үнэ хамгийн хямд байдаг бол зүүн аймгуудад өндөр үнэтэй байдгаас шалтгаалж амь­жиргааны түвшинд ч нөлөөл­дөг гэж мэргэжилтнүүд хэлж байв. Өрсөлдөх чадвараа хамгийн ихбуюу есөн нэгжээр ахиулж сайжруулж чадсан Архангай аймгийн хувьд хөдөл­мөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл бууран, эхийн эндэгдэл цөөрч, чадварлаг удирдах ажилтнуудтай бол­сон, гадаад хэлний мэдлэг дээшилсэн, төсвийн эрх мэдэл чанаржин, татвараас зайлсхийхээ больсон гэнэ.

Л.ЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *