УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах талаар Байнгын хорооны санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаны хүмүүс дахин төлөвлөлт хийгдэж байгаа зарим дүүргүүдэд өчигдөр ажиллав.
Эхлээд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй барилгын ажлын явц байдалтай танилцав. Энэ орчимд “Баганат өргөө”, “Гангар Инвест” компаниуд хамтран 5000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй аж. Эхний ээлжинд 1000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгааг компанийн удирдлагууд танилцуулсан юм. Одоогийн байдлаар нийт талбайн 23 хувийг чөлөөлсөн байна. Эхний ээлжийн барилгууд 6-р сард ашиглалтанд орох юм байна. Үүний дараа Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хороо орон сууцны 7 дугаар хорооллын барилгын ажилтай танилцлаа. Энэ хэсгийн нийт талбайн 50 орчим хувийг чөлөөлөөд байгаа аж. Инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулааны асуудлыг нийслэлтэй хамтран бүрэн шийдсэн байна. Орон сууцнууд шат дараалалтай ашиглалтанд орох бөгөөд 1-р блокын цутгалтын ажил 80 гаруй хувьтай явж байгааг “Асар өргөө” компанийн ажилтнууд танилцуулсан. Мөн Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороо буюу 72-р сургуулийн орчимд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажилтай танилцсан юм. Энэ орчимд 15 айлын 1.7 га газар буюу нийт талбайн 22.6 хувийг чөлөөлжээ. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил саадгүй явагдаж байгааг Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулаад нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж байгааг хэлсэн. Мөн инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулаан болон хороолол дундах автозамын асуудлыг бүрэн шийдвэрлээд байгааг дуулгав.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих хүсэлт Өргөдлийн байнгын хороонд ирсний дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг хэлээд, гэр хорооллыг барилгажуулах явцад ямар хүндрэл үүсч байгааг тодруулсан юм. Гүйцэтгэгч компаниудын хувьд нийслэлтэй нягт хамтран ажиллаж байгаа учраас асуудал бага байгаа. Харин зарим иргэд, айл өрхийн хувьд газраа чөлөөлөхгүй, өндөр үнэ хэлэх зэрэг асуудал гарч байгааг хэлж байсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хүндрэлтэй асуудал гарвал Өргөдлийн байнгын хороонд хандах хэрэгтэйг хэлээд цаашид хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм.