Categories
мэдээ нийгэм

Ноолуурын салбарын захирал бүсгүйчүүд Шима Сейки компанид зочлов

Шима Сейки компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Ноос Ноолуурын Холбоотой хамтран Японы алдарт Шима Сейки сүлжмэлийн бүрэн автомат машинаар үйлдвэрлэлээ явуулдаг компаниудын удирдлагуудыг Шима Сейки компанитай танилцуулах аяллыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Урьд нь уг аялал сургалтад загвар зохион бүтээгч, програмистууд оролцдог байсан бол энэ удаа компанийн захирлууд хамрагдсанаараа онцлог юм. Учир нь технологийн дэвшилтэт систем дээр захирлууд өөрсдөө ажиллаж сурах, шинэ технологи, тэр дундаа APEX-3 системийг хэрхэн ашиглах, үйлдвэрлэлийн явцын үргүй зардлыг багасгах, хэмнэлт хэрхэн бий болгохыг мэдэж авсан юм. Монголын ноолуурын салбарын үйлдвэрүүдийн захирлуудын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ удаагийн багийг Японы тал “Монголын бүсгүйчүүдийн аялал” хэмээн нэрлэжээ. Шима Сейки компанийн үүсгэн байгуулагч Шима захирал энэ айлчлалд ихээхэн ач холбогдол өгч “Өндөр зэрэглэлийн Шима Сейки бүрэн автомат машиныг тансаг ширхэгт монгол ноолууртай хоршуулснаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилго юм” хэмээн онцолж байсан. Үүний тод илрэл нь Вакаяама хотын захирагч Нисака Монголын бизнесмэн бүсгүйчүүдийг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцсан явдал юм.

Шима Сейки компани 2008 оноос Монголд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд Монголын сүлжмэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зах зээлийн 80 хувийг хангажээ. Сүүлийн үед хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар тус компанийн автомат машиныг худалдан авахаар сонирхох нь ихэссэн байна. Монголын өнөөгийн эдийн засгийн байдал, компаниудын хүсэлтийг харгалзан Шима Сейкийн удирдлагууд хоёр орны чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээрийн шугамаар машин тоног төхөөрөмжийн зээл олгох боломж, хугацааны асуудлыг аль болох нааштайгаар шийдэхээ илэрхийлсэн байна.

Д.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *