Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтынхан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаа баталлаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, хяналтын газар, нийслэл, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нар ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахаа илэрхийлж Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх баталгааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь тухайн хүн хамт сурч байсан, сурч байгаа, гишүүнчлэлд нь бүртгэлтэй холбоод, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн, ах, дүү, хамаатан садан, найз нөхөд гээд өөрт хамааралтай этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй харилцаанд орохгүй гэсэн үг юм. Ингэснээр мэргэжлийн хяналтынхан өөрийн талын хүний аж ахуйн нэгжийг шалгах сонирхолтой, илэрсэн зөрчил, дутагдлыг нь нуун дарагдуулдаг, хайцаалж хамгаалдаг гэсэн ам дамжсан яриа төгсгөл болж байна. Цаашид улсын байцаагчид хяналт шалгалт хийх, захиргааны акт гаргах, хариуцлага хүлээлгэх, ажлын хэсэг ахлах, тендерийн үнэлгээний хороонд ажиллахын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн эсвэл үүсэхээр бол сайн дураараа татгалзана. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байх үед бусдын зүгээс нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх, бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл санал болгосон тохиолдолд татгалзаж байхыг гэрээнд тусгажээ. Энэ нь байцаагч нарыг хууль дүрмээ сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нэг ёсны баталгаа болж байна. Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох хуульд заасны дагуу албан тушаал бууруулах, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *