Categories
мэдээ цаг-үе

Н.Туяа: Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хэлэлцэн ирэх сард хуралдана

Ирэх дөрөвдүгээр сарын 27-нд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал Нью Йоркт нээгдэнэ. Энэ гэрээнд дэлхийн 190 орон багтдаг бөгөөд тэд таван жилд нэг удаа цугларч гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлдог. Үл дэлгэрүүлэх гэрээ анх 1970 онд хүчин төгөлдөр болж байсан бөгөөд өнөө жил ес дэх цугларалт нь болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор цөмийн зэвсгийн өнөөгийн байдал болон тус бага хурлын талаар олон улс судлаач Ням-Осорын Туяатай ярилцлаа.

-Цөмийн зэвсгийг дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-д “Манхэттен” нэртэй нууц төслийн хүрээнд боловсруулж, үйлдвэрлэсэн. 1945 онд анхны туршилтаа хийж, тэр жилийнхээ наймдугаар сард Японы Хирошима, Нагасаки хот дээр бөмбөг хаяж хүн төрөлхтний эсрэг анх удаа энэ зэвсгийг хэрэглэсэн гэж үздэг. Харин өнөөдөр тооны хэлээр яривал дэлхий дээр цөмийн зэвсэг хэр их байна вэ?

-“Хүйтэн дайны” ид үед дэлхийд 70,000 орчим цөмийн зэвсэг байжээ. Одоо 16,300 гаруй болтол буурсан нь гарцаагүй ахиц юм. Судлаачдын үзэж байгаагаар, үүнээс 10, 000 орчим нь цэргийн арсеналд, үлдсэн нь задлагдахаа хүлээж байгаа зэвсэг байдаг. Хэдийгээр Орос, АНУ хоёр цөмийн зэвсгээ хамгийн ихээр хорогдуулсан ч одоо байгаа зэвсгийн 90 гаруй хувь нь энэ хоёр орных. Аль, аль нь барагцаагаар тус тусдаа 7000-8000 цөмийн зэвсэгтэй гэсэн тоо байдаг. Цөмийн зэвсгийг стратегийн, стратегийн бус, оператив байдалд байгаа, агуулахад байгаа гэх мэтчилэнгээр ангилдаг учраас тоолох асуудал нарийн байдаг. Дашрамд хэлэхэд, цөмийн зэвсэгтэй орнууд тус зэвсгийн хэллэгийн тайлбар толь бэлтгэхээр ажиллаж байгаа юм билээ. Зэвсгийг тодорхойлох, тоолоход нэмэртэй зүйл болох юм. 2010 оны Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээгээр ОХУ, АНУ хоёр оператив байдалд байгаа стратегийн хошуугаа тус бүр 1550 хүртэл хорогдуулах амлалт авсан. Харин цаашид хорогдуулах тухай хэлэлцээ хийх төлөв харагдахгүй байгаа. Бусад орнуудын хувьд гэвэл, Франц 300, Хятад 250, Британи 225, Израиль 80, Энэтхэг 90-110, Пакистан 100-120, Хойд Солонгос 10-аас доош цөмийн зэвсэгтэй гэсэн тоо байдаг. Эдгээр орноос Энэтхэг, Пакистан, Израиль гурав Үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй, тиймээс тэднийг “албан ёсны” цөмийн зэвсэгтэй орон гэж үздэггүй. Хойд Солонгос гэрээнээс гарснаа мэдэгдсэн. Энэ бүх зэвсэг 14 оронд 97 орчим байршилд байршиж байдаг байна. Дээр дурдсан есөн орноос гадна НАТО-гийн таван орон (Герман, Турк, Итали, Бельги, Нидерланд) АНУ-ын тактикийн 180-200 орчим цөмийн зэвсгийг нийт зургаан баазад байршуулж байдаг. Тус байгууллага, цөмийн зэвсэг байсан цагт цөмийн холбоо хэвээр байна гэсэн стратегитэй байдаг.

-Үл дэлгэрүүлэх гэрээгээр цөмийн зэвсэгтэй орнууд, цөмийн зэвсэггүй орнууд гэсэн хоёр бүлэг орон бий болсон. Аль, аль нь цөмийн аюулыг багасгах, устгах тал дээр ямар байр суурь баримталж байна вэ, нэг нь нөгөөдөө хэр шахалт үзүүлдэг вэ. Ер нь ирэх сард болох бага хурлаар ямар асуудлыг түлхүү анхаарах бол?

-Үл дэлгэрүүлэх гэрээ гурван “тулгуур” дээр тогтдог гэж үздэг. Нэгдүгээрт, цөмийн зэвсэгтэй орнууд зэвсгээ хураана, хоёрдугаарт, цөмийн зэвсэггүй орнууд ийм зэвсэгтэй болохоос татгалзана, гуравдугаарт, хамтдаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглана. Үүн дээр тэнцвэр олох нь амаргүй байдаг. Өмнөх найман бага хурлаас дөрөв нь төгсгөлийн бичиг баримт дээрээ тохирч чадалгүй тарж байсан. Сүүлчийн бага хурлаас дээрх гурван чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөө 1995 оны хянан хэлэлцэх бага хурлаар баталсан Зарчмууд ба зорилтууд, 2000 оны Практик алхмуудыг нотолж, дэлгэрүүлсэн. Түүний хэрэгжилтийг судалгааны ба иргэний нийгмийн байгууллагууд мониторлож ирсэн байдаг. Цөмийн зэвсэггүй орнууд, тухайлбал Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, энэ төлөвлөгөөний зэвсэг хураах хэсэгт түлхүү анхаардаг. Учир нь гэвэл Үл дэлгэрүүлэх гэрээ, цөмийн зэвсэгтэй орнуудад зэвсэг хураах асуудлаар хэлэлцээ хийхийг үүрэг болгосон эрх зүйн хүчинтэй цорын ганц баримт бичиг юм. 2000 онд эдгээр орнууд цөмийн зэвсгээс бүрэн дүүрэн ангижрах “хоёргүй амлалт” авсан. Цөмийн зэвсэггүй орнууд нөгөөдүүлээсээ энэ үүрэг, амлалтаа биелүүлэхийг шаарддаг. Өнгөрсөн хугацаанд зэвсгийг хорогдуулах чиглэлээр нэг болон хоёр талын зарим арга хэмжээ авагдсан ч цөмийн зэвсэгтэй бүх орон зэвсгийн модернизац хийж, цэргийн стратеги, номлолдоо энэ зэвсгийн чухлыг нотолсон хэвээр байгаа. Энэ нь зэвсэг хураах сонирхол тэдэнд алга байгааг харуулж байна гэж цөмийн зэвсэггүй орнууд дүгнэдэг. Тиймээс зарим асуудал дээр тодорхой хугацаа заахыг шаарддаг, олон талт хэлэлцээ даруй эхлүүлэхийг уриалдаг. Зэвсгийн асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх үүрэг бүхий Зэвсэг хураах бага хурал хэмээх байгууллага бий. Тэр нь ажлын хөтөлбөр дээрээ тохирч чадахгүй байгаа тул цөмийн зэвсэг хураах асуудлаар туслах бүтэц байгуулах, задрагч материалын үйлдвэрлэлийг зогсоох гэрээг хэлэлцэж эхлэх, цөмийн зэвсэггүй орнуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр заналхийлэхгүй тухай батлалыг ярьж эхлэх ажил урагшлахгүй байгаа. Цөмийн зэвсэгтэй орнууд цөмийн туршилтын сайн дурын моратори баримталдаг ч Цөмийн туршилтыг иж бүрнээр хориглох гэрээг хэд хэдэн чухал орон соёрхон батлаагүй, зарим нь гарын үсэг зураагүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр болж чадахгүй байгаа. Энэ мэт зэвсэг хураах чиглэлийн тодорхой, практик алхмууд бага хурлын анхаарлыг татна байх. Цөмийн зэвсгийн хүмүүнлэгийн үр дагаврын тухай сүүлийн үед хүчтэй ярих болсон. Гэрээнд нэгдээгүй орнууд түүнд нэгдэх тухай асуудал ч хөндөгдөж таарах болов уу. Мөн цөмийн зэвсгээс ангид бүсийг байгуулсан гэрээнүүдэд оролцогчид болон Монголын оролцоотой бага хурал Үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурлын үеэр болдог уламжлал тогтсон. Энэ бага хурал тус бүсүүдийн хамтын ажиллагаа, харилцан зохицуулалт, туршлага солилцоог бэхжүүлэхэд түлхэц өгнө гэж харж байгаа.

-Ихээхэн маргаан дагуулах асуудал юу байх бол. Та юу гэж таамаглаж байна вэ?

-Хянан хэлэлцэх бага хурлаар маргаан дагуулах асуудлын нэг нь Ойрхи Дорнодод цөмийн ба үй олноор хөнөөх бусад зэвсгээс ангид бүс байгуулах асуудал л даа. Ийм бүсийн тухай тогтоолыг 1995 онд Үл дэлгэрүүлэх гэрээг хугацаагүй сунгах шийдвэртэй багцаар баталсан. Гэтэл гэрээ сунгагдсан ч тогтоол хэрэгжээгүй. 2010 оны хянан хэлэлцэх бага хурлаас 2012 онд энэ асуудлаар бага хурал зохион байгуулахаар заасан ч түүнийг хугацаагүй хойшлуулсан. Бүс нутгийн ихэнх орон үүнийг таагүй хүлээж авсан.

-Цөмийн зэвсэгтэй орнуудын байр суурь хатуу хэвээр л байна уу. Хариуцлагатай, нэр нөлөөтэй орнууд атлаа энэ тал дээр хөдөлж өгдөггүй дээ?

-Тэд ерөнхийдөө цөмийн зэвсгийг хориглох, энэ тухай конвенц байгуулах, хугацаа заах, хүмүүнлэгийн үр дагавар гэх зэргийн асуудалд нааштай ханддаггүй. Хэтдээ конвенц байгуулж болох тухай Хятад л дурдсан байдаг. Асуудалд алхам-алхмаар хандах, стратегийн тогтвортой байдлыг хадгалах, аюулгүй байдлыг хангахын чухлыг тэд тэмдэглэдэг. “Шинэ хэлэлцэх хэргийн эвсэл” нэртэй бүлгийг төлөөлж Ирландын элчин сайд “Аюулгүй байдлыг хангахад цөмийн зэвсэг чухал гэж үзэх нь чухамхүү цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг санаандгүй өөгшүүлсэн хэрэг” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсэгтэй болохыг хүсэмжилдэг орон чухамхүү аюулгүй байдлаа хангах зорилтыг үндэслэл болгодог.

2009 оноос хойш цөмийн зэвсэгтэй орнууд, энэ зэвсгийг хураах асуудлыг “олон талжуулахын” тулд, тодруулбал ОХУ, АНУ-аас бусад гурван орныг хэлэлцүүлэгт татан оролцуулахын тулд зөвлөлдөх процесс эхлүүлсэн. Энэ хүрээнд дээр дурдсан хэллэгийн толь, тайлагналын нийтлэг маягт боловсруулах зэргийн техникийн гэмээр чанартай асуудлууд дээр тохирсон. Өнгөрсөн жилд цөмийн зэвсэгтэй таван орон бүгд тайлангаа гаргасан. Ийм механизм бий болсон нь нааштай алхам боловч 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний зэвсэг хураах чиглэлээр тодорхой алхам хийгдсэнгүй гэсэн шүүмжлэлд тэд өртөөд байгаа. Ерөнхийдөө цөмийн зэвсэгтэй орнууд, цөмийн зэвсгийг хураах асуудлаас илүү түүнийг үл дэлгэрүүлэх асуудалд илүү анхаардаг. Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилготой эсэх, Хойд Солонгос Үл дэлгэрүүлэх гэрээнээс гарснаа зарласан зэрэг нь үл дэлгэрүүлэх дэглэмийг сулруулах аюултай гэж үздэг. Тиймээс гэрээ, тохиролцоог чанд мөрдөх, цөмийн материалын хяналтыг сайжруулах, цөмийн терроризмаас сэрэмжлэх, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн нягтлалыг чангатгахын төлөө байдаг. Ил тод байдал, харилцан итгэлцлийн асуудлууд ч хэлэлцэх асуудалд нь байдаг. Зарим орон цөмийн зэвсгийг задлах явцыг хянан нягтлах технологи, аргачлал дээр хамтран ажиллах болсон.

-Та цөмийн зэвсгийн хүмүүнлэгийн үр дагаврын тухай сүүлийн үед их ярих болсон гэж дурдаж байна. 1945 онд анх удаа цөмийн зэвсэг хэрэглэхэд зуу гаруй мянган хүн амиа алдаж, хүмүүнлэгийн үр дагавар нь тодорхой болсон баймаар. Энэ тухай хөндөхгүй явж ирснээ 70 жилийн дараа яагаад санах болов?

-Уг нь үнэхээр тэр үед л тодорхой болсон баймаар. Одоо илүү хүчтэй ярих болсон нь энэ зэвсэг өдий болтол байсаар байгаатай холбоотой байх. Цөмийн зэвсгийн нэг чухал үүрэг бол тогтоон барих үүрэг гэж үздэг, энэ нь манай нэг багшийн тайлбарлаж байснаар, “Чи над руу дайрахгүйн тулд би найдвартай зэвсэгтэй байна. Чи надаас эмээгээд хөдөлж чадахгүй. Чамайг мөн л ийм зэвсэгтэйг мэдэж байгаа учраас би ч чам руу дайрахгүй” гэсэн үг. Хүйтэн дайны үеэс тогтоон барих бодлого, “баталгаатай харилцан устгах” гэдэг сүржин нэртэй номлол дээр тогтож ирсэн. Энэ нь “Чи миний эсрэг түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэсэн ч би чиний цохилтыг тэсэж гараад ижил хэмжээний эсвэл түүнээс ч давсан хүчин чадалтай хариу цохилтыг чамд өгнө, улмаар аль аль нь баталгаатай ба харилцан сөнөнө” гэсэн номлол юм. Энэ бодлого, номлолд цэргийн бодлого захирагдаж, газар, тэнгэр, далайд бодитойгоор хэрэгжиж байсан. Их гүрнүүд хүйтэн дайны үед өөр хоорондоо дайтаагүй нь чухамхүү цөмийн тогтоон барих бодлогын үр дүн байсан гэж дүгнэх үзэл байдаг.

Хүмүүнлэгийн санаачилга нь аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдал гэх зэргийн “хатуу бодлогын” хэллэгийг бус, хүний амь, хүний амьдрах орчин, эрүүл мэнд, хүнс, уур амьсгал гэх зэрэгт цөмийн дэлбэрэлтээс учрах аюулын тухай хэллэгийг хэрэглэж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар гурван бага хурал болсон. Эхний хоёрт цөмийн зэвсэгтэй таван орон оролцоогүй, Венад болсон сүүлчийн хуралд АНУ, Британи хоёр оролцсон. Энэ оролцоо бодлогын гэхээс илүү улс төрийн оролцоо байсан гэж ажиглагчид дүгнэсэн байдаг. Яагаад гэвэл, бодлогын хувьд цөмийн зэвсэгтэй орнууд хүмүүнлэгийн санаачилгыг зэвсэг хураах чиглэлийн алхам-алхмын бодит ажлаас анхаарал “сарниулсан” зүйл гэдэг дээр ерөнхийдөө санаа нийлдэг. Өнгөрсөн намар НҮБ-д 155 орон, үүний дотор Монгол, энэ асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан. Үл дэлгэрүүлэх гэрээний ирэх сард болох бага хурлаар асуудал хэр зэрэг урагшлах нь тодорхой болох байх.

-Хүйтэн дайны нөхцөл эргээд бий боллоо гэлцэх болсон. Үнэндээ олон улсын байдал түвэгтэй байна. Энэ нь хянан хэлэлцэх бага хурлын үр дүнд хэр нөлөөлөх бол?

-Үл дэлгэрүүлэх гэрээг “хүйтэн дайны” гол өрсөлдөгчид болох Америк, Зөвлөлт хоёр эвсэлд нэгдээгүй орнуудын хамт олон жилийн турш хэлэлцэж, ярилцаж байж байгуулсан. Энэ гэрээ “хүйтэн дайныг” давж, одоо 190 орон түүнд нэгдээд байгаа. Түүнийг үл дэлгэрүүлэх глобал дэглэмийн тулгын чулуу, зэвсэг хураахын суурь, олон улсын аюулгүй байдлын чухал хэсэг гэх зэргээр нэрлэдэг. Тиймээс бага хуралд оролцогчид тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэж найдаж байна. Пуужингийн хамгаалалтын систем, ердийн зэвсгийн чадавхийн үл тэнцвэр, стратегийн бус цөмийн зэвсэг, богино ба дунд тусгалын пуужингийн гэрээ гэх зэргийн түвэгтэй асуудлууд байдаг ч эдгээрийг голдуу гэрээний гадуур ярьдаг. Дээр хэлсэнчлэн, зэвсэг хураах чиглэлийн практик алхмуудыг түргэсгэх, Ойрхи Дорнодын тогтоолыг хэрэгжүүлэх энэ хоёр асуудал дээр анхаарал төвлөрнө гэсэн хүлээлт байгаа.

Ирэх долдугаар сард цөмийн зэвсгийг анх туршсан, наймдугаар сард анх хэрэглэснээс хойш 70 жил болно. Хүн төрөлхтнийг “дайны гамшгаас ангижруулах” зорилт тавьсан НҮБ байгуулагдсаны 70 жил, Цөмийн зэвсгийг үл дэглгэрүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсны 45 жил, тус гэрээг хугацаагүй сунгасны 20 жил, цөмийн зэвсэгтэй орнууд түүнийг бүрэн устгах “хоёргүй амлалт” өгсний 15 жилийн ой энэ жил тохоож байгаа. Тиймээс Үл дэлгэрүүлэх гэрээний хянан хэлэлцэх бага хурлаар эдгээр түүхэн туршлага дээр тулгуурлаж, практик үр дүнд хүрэх нь чухал юм.

Ч.БҮЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *