Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг иргэн 68 байртай байх нь гэмт хэрэг юм уу

Улаанбаатарт нэг хүн хувьдаа 68 байртай байдгаараа бусдыгаа тэргүүлдэг гэнэ. Саяхан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийдэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ мэдээг тараав бололтой. Үүнийг сонссон зарим хүмүүс ёстой атаархаж үхэх нь ээ. “Пээ, пүү. Би ганц ч байргүй байхад энэ нөхөр 68 байртай байдаг. Баян тарган, олигархи хаанаас гараад ирэв. Жаран найман байрандаа жаргахыг чинь харна аа. Аваад яваарай чи. Ханадаггүй хар толгой вэ” гэх зэргээр түүнийг хүний нийгэмд байж боломгүй гэмт хэрэг үйлдчихсэн юм шигээр адаллаа. Хүмүүс түүнд атаархсандаа адалж, зүхэж байгаа бололтой. Хүний хөрөнгийн тоог сонсчихоод унтаж ч чадахгүй бачуурч байдаг хүн нийт массын дийлэнхийг эзэлж байгаа нь үүгээр илэрлээ.

Үнэндээ үүнд атаархаж үхчих гээд байх шаардлага огт байхгүй. Бидний байгуулж байгаа нийгэм л ийм. Тэр ч утгаараа зах зээлийн нийгэмд хөрөнгийн дээд хэмжээг заагаагүй байдаг. Хүмүүс олох, чадах хэмжээгээрээ хөрөнгө цуглуулах эрхтэй. Хөрөнгө цуглуулах ч хэрэгтэй. Өнөөдөр адлагдаад байгаа 68 байртай тэр эрхмийн хөрөнгийг зах зээлийн дундаж ханшаар бодож гаргахад ердөө таван тэрбум гаруйхан төгрөгтэй хүн болж таарч байгаа юм. Дунджаар хоёр өрөө байр 80 орчим сая төгрөгийн ханштай гэж үзвэл ийм тоо гарч байна. Энэ нь хоёр сая орчим ам.доллартай тэнцэнэ.

Тэгвэл энэ хүний хажууд уул уурхайн бизнес эрхлэгчид аль хэдийнэ ам.долларын тэрбумтан болчихсон байдгийг хүн бүр мэднэ. Мянгат малчны хотонд л гэхэд хөнгөхөн тэрбум, хоёр тэрбум хүрэх хөрөнгө багширч буй нь нүдэнд ил цагаан харагдаж л байдаг. Эдгээртэй харьцуулаад харахаар 68 байртай хүн бусдад байдаг л хөрөнгөтэй нэгэн болж таараад байна. Ердөө баригдсан байшингийн нэг орцыг худалдаж авсан эсвэл нэг блок байшин бариулаад түүнийгээ бусдад түрээслүүлж байгаа хэлбэр нь тэр. Бусад орон, дэлхийн жишигт орон сууцны барилга барьсан хүн түүнийгээ хэр барагтай худалдаж зараад байдаггүй юм билээ. Аль болох түрээслэж ашиг олохыг эн тэргүүнд тавьж, амьдралынхаа баталгааг хангадаг гэсэн. Ийм өчүүхэн зүйлд манайхан атаархаад ёстой “чацга харваж” байгаа нь саяын хэд хоногт харагдлаа. Тэгээд ч нэг хүн 68 байртай байна гэдэг хүн аймаар гэмт хэрэг юм уу.

Ер нь манайхан зах зээлд шилжсэн ч тэр нийгэмдээ нэг л их ялархаж, тунирхдаг болчихож. “Надад байр байхгүй. Машин байхгүй. Би дэлгүүр, ТҮЦ ч ажиллуулдаггүй. Би бага мөнгөтэй, юу ч үгүй хоосон байхад тэрэнд юм бүхэн байна. Хонхортоо адлагдсан ядуу юм л явсан яахаараа ийм их мөнгөтэй болдог юм” гээд л түрүүлж хөдөлмөрлөж эхэлсэн, тэр хэрээрээ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж жаргалтай яваа нэгнээ адалцгаана. Эцсийн эцэст ингэж ялархаж, тунирхсан нь л хоосон үлддэг. Ялархаж суухын оронд яагаад хөдөлж, хөдөлмөрлөөд бусад шиг 68 байртай, ам.долларын тэрбумтан болохын төлөө явахгүй байгаа юм. Өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж, хөдөлмөрлөхийг чинь хэн боль гээд байгаа юм. Хөдөлмөрийн үр шим, хөрөнгө мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн нэгэн боломжийг түрүүлж ашиглаад бусдыгаа атаархтал амьдарч байгаа нь энэ биздээ. Энэ тухай сошиал ертөнц болон хэвлэл мэдээллээр дамжуулж байгаа өнгө аясыг харахад “Бид ийм муухай нийгэм байгуулж байна. Яасан муухай юм” гэцгээлээ. Эгээтэй л “Мөнгөтэй хүн ийм муухай, тийм муухай” гэж баримт дэлгэсэнгүй.

Тэгвэл өнөөдөртөө зах зээлээс илүү ихээр хувь хүнд бололцоо олгодог, санхүүгийн эрх чөлөөтэй нийгмийг хүн төрөлхтөн дэлхийн хаана ч бодож олчихоогүй байгааг ойлгох хэрэгтэй. Социализмын үед хоёр өрөө байртай, сүүлийн үеийн технологи ашигладаг, унаад явах машинтай айлыг соёлч гэж улсаас өргөмжилдөг хэрнээ хөрөнгөтөн хэмээн хавчин гадуурхдаг байсан жишиг бий. Зах зээлийн нийгэмд шилжээд 25 жилийн нүүрийг үзчихээд байхад нийтийн өмчтэй байх социализмын үеийн энэ үзэл суртал бидний дунд улам л батажсаар байна. Одоо төр нь биш улс орон нь, ард нийт нь тэр чигээрээ хөрөнгөтэй хүнийг үзэн ядаж, үзэж ч чадахаа байчихсан мэт.

Уг нь таны амьдрал танаас л шалтгаална. Хүн бүр ялгаатай байдаг шигээ хувь заяа бүр өөр. Үүнийг заавал тэгшитгэж тайрах гэж орилолдох шаардлага ч байхгүй. Хамгийн гол, санаа зовоох нэг л асуудал энд байна. Мэдээллийг мэдээж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийдэг газраас тараасан байх. Тэгэхээр хувь хүний нууц, хөрөнгө, мөнгөтэй холбоотой энэхүү мэдээллийг задруулсан төрийн албан хаагчид хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс хувь хүний нууцтай холбоотой зүйлийг нь бүртгэж авчихаад дараа нь нийгэмд цацаж шуугиан тарин улс орныг талцуулна гэдэг заавал хариуцлага тооцох асуудал мөн. Энэ нь нийгмийн захиалга болчихоод байна. Иргэн төрдөө итгэж хөрөнгөө бүртгүүлж, татвараа төлж байхад ийм асуудал үүсгэсэн нь төрийн албан хаагчийн ёс зүй, хувь хүний нууц, зарим хуулийн гээд олон зүйлтэй зөрчилдөж, харшилж байгаа юм.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *