Categories
мэдээ цаг-үе

“Өчигдрийг хайрла”

Улаанбаатарт Жон Ленноны 68 насны төрсөн өдрөөр Битлзийн хөшөө нээгдсэн гэдэг. Харин Битлзийн буурал фэн, МУСГЗ сэтгүүлч Ө.Рагчаасүрэн тэдний дуунуудын тухай номон хөшөө босгожээ. Энэ ном “Өчигдрийг хайрла” хэмээх гүн утга агуулгатай нэртэй. Өчигдөр байгаагүй бол өнөөдөр гэж байхгүй. Өнөөдөр гэж байхгүй бол ирээдүйн тухай ярих ч утгагүй. Тийм ч учраас өчигдрийн хүмүүсийн туулсан амьдрал, дурлаж хайрлаж бас нандигнаж байсан бүхэн үнэ цэнтэй. Цаг үе болгон өөрийн одтой. Үнэт зүйлтэй байдаг.

Э.Бат-Үүл, С.Баяр, Б.Долгион зэрэг олны танил хүмүүс Битлзийн тухай ярьж байхыг сонсч байсан. Битлзийн дөрвөл эрх чөлөөний мэдрэмжийг олон хүнд өгсөн юм билээ. “Тэд биднийг өөрчилсөн” гэж хүмүүс хэлдэг. Үнэндээ манай үеийнхэн Битлзийн гал улаан фэнүүд биш л дээ. Тэд бол бидний хувьд зүгээр л домог байв. Гэхдээ л Битлзийн үнэнч шүтэн бишрэгчид, тэдний бүтээсэн бүхэн, дүрэлзсэн сэтгэл зүрх нь Битлзийг хүндэтгэх сэтгэл төрүүлдэг юм. Өөр хэн энэ уртаас урт он жилүүдэд хүмүүсийн зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ дээ.

“Өчигдрийг хайрла хүмүүс минь. Өнгөрч одсон гэж түүнийг бүү март. Өнөөдөр та нарын зүрхэнд байгаа хайрын илчийг хэзээ асаасан билээ. Өчигдөр л асаасан шүү дээ. Гал халуун дурлалын оч анхлан гэрэлтсэн тэр мөчөө бол бүр ч мартахгүй. Хэн нэг нь өчигдөртөө сэтгэл дундуур үлдсэн байж магадгүй. Тэгвэл маргаашийн гэгээн итгэлийг энэ дуунуудаас л мэдэрнэ” хэмээн Ө.Рагчаасүрэн бичсэн юм. Пол Маккартнийн 1965 онд зохиосон “Yesterday” хэмээх дуу дэлхийн Гиннесийн дээд амжилтын номонд XX зууны дээд амжилтаар тэмдэглэгдэн үлдсэн. Тэгэхээр зохиогч өчигдрийн тухай онцлохоос аргагүй.

“Битлз энэ ертөнцийн хүмүүсийн санааг өнөөдөр зовоож байгаа бүхний тухай дуулсан. Ийм учраас Битлзийн дуунууд орчин үед улам хэрэгтэй. Хүмүүст хамгийн их дутагдаж байгаа халуун дулаан сэтгэлийг бие биендээ бэлэглэх тухай дуулсан. Байгаль ижийгээ хайрлан энэрэх тухай дуулсан. Эв нөхөрлөлийн тухай дуулсан. Дуу болгон нь хайр, өгөөмөр сэтгэл, итгэл найдварын тухай өөр хоорондоо огтхон ч адилгүй тус тусдаа нэгэн дууль байдаг. Хайраар дутахгүйн тулд хүмүүс Битлзийг сонсдогийн учир нь ийм юм” хэмээн номын зохиогч онцолсон. Битлзийн 35 шилдэг дууг тэр сонгон авч, өөрийн мэдрэмжээ уншигчидтайгаа хуваалцаж байна. Бас Битлзийн дуунд уяран хайлахдаа юуг төсөөлж мөрөөдсөнөө хүүрнэжээ. Мэдээж дуу төрөх үеийн сонин хачинг ч өгүүлэхээ мартаагүй. Битлзийн хамгийн алдартай дуунуудын нэг “Let it be” 1969 онд төрсөн түүх ийм. Дуу зохиогдох үед хамтлагийн дотоод уур амьсгал сайнгүй байснаас Пол Маккартни сэтгэл тавгүй байв. Нэг шөнө Маккартнийн зүүдэнд бурхан болсон ээж нь ирж ингэж хэлжээ. “Хүү минь чамд хичнээн хэцүү байсан ч сэтгэл битгий зов. Тэр бүгдийг зүгээр л байгаа чигээр нь орхи. Бүх юм сайхан болно” гэжээ. Ээжийн үг Маккартнийг “Let it be”-гээ зохиоход хүргэсэн гэдэг. Энэ дуу тухайн үеийн ЗХУ-д хүрсэн Битлзийн анхны дуу. Хөгжилтэй нь тэр үед пянзны нүүрэн дээр “Англи ардын дуу” гэж бичсэн гэдэг. Битлз гэдэг нэр коммунист нийгэмд хориотой байснаас тэр гэнэ. “Долоо хоногийн найман өдөр” хэмээх хөгжилтэй өгүүлбэрийг эндээс унших вий. Жоны гэр рүү очихоор явах замдаа Пол таксины жолоочоос “Амьдрал ямар байна даа” гэж асуужээ. “Борви бохисхийх ч зав алга. Долоо хоногт найман өдөр ажиллаж байна” гэж цаадах нь хариулсан байна. Энэ үгнээс санаа авч “Eight days a week” дуугаа зохиосон аж. Харин мөнөөх жолооч ямархан билэг танхай санаа хэлснээ мэдсэн болов уу…

Битлз хамтлагтай холбоотой түүхэн дурсгалт газруудыг очиж үзэх нь аялагчдын дуртай бас нэг жим. Харин талын Монголд тэр тусмаа Дарханд Битлзийн шүтэн бишрэгч ном бүтээж, “Битлзийн анд нөхдийн клуб” байгуулсан мэдээ мөнхийн залуу энэ хамтлагийн фэнүүдийн хувьд бас л сонин байх болов уу.

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *