Categories
мэдээ нийгэм

Оюутан эргүүл ажиллаж эхэллээ

Өчигдөр Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүү, хэв журмын нөхцөл байдлын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч шалгасан гомдол, мэдээлэл болон бүртгэгдсэн гэмт хэрэг 940 буюу өмнөх 14 хоногтой харьцуулахад 4.4 хувиар өссөн дүнтэй байгаагаас 1, 8 дугаар хороодын хувьд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бусад хороодоос өндөр байгааг мэдээллээ.

Энэ үүднээс Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Их дээд сургуулийн оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 80 оюутан, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдын хамтаар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 11:00-14:00 цаг, 16:00-19:00 цагийн хооронд 2 ээлжээр явган эргүүлд ажиллуулж эхлүүллээ.

Харин замын цагдаагийн газрын шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст энэ өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын холбогдолтой нийт 700 дуудлага бүртгэгдсэнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 26 осол, зөрчлийн шинжтэй 382 дуудлагад замын цагдаагийн тасаг очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад дуудлага 5,7 хувиар өссөн, хүн гэмтсэн осол -10,3 хувиар буурсан, эд материалын хохиролтой осол өссөн үзүүлэлттэй байна. Гамшиг ослын дуудлагын талаар нутаг дэвсгэрт объектын гал түймрийн 28 дуудлага ирснээс, аврах гал унтраах 10 дугаар анги 16 удаа, аврах, гал унтраах 34 дүгээр анги 12 удаа тус тус ажиллаж унтраасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *