Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн 10 ном

“ Интерном” дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг сонирхуулъя.

Гуравдугаар сарын 9-15-ны хооронд эдгээр номууд эрэлттэй байжээ.

1.Тасдаж үл болох сарнай – Б.Эрхэмбаяр

Өнгөрсөн долоо хоногт уг жагсаалтын аравдугаарт орсон “Тасдаж үл болох сарнай” ном нь хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг үе дор ариун хайр сэтгэл, журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх үндэс юм шүү гэдгийг харуулсан бүтээл болжээ.

2.Өөдөө тэмүүл – Ш.Сандберг

Эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

3.Миний намтар – Алекс Фергусон

Их Британийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг менежер хэмээх алдрыг хүртсэн хүний тухай сэтгэл хөдлөм түүх юм. Түүхэн үйл явдлаар дүүрэн, үзэл бодлоо ил цагаанаар илэрхийлсэн Сэр Алекс Фергусоны намтар Глазго хотын Гован хэмээх усан онгоц үйлдвэрлэдэг дүүргээс эхэлнэ. Цаг ямагт шулуун шударга, нээлттэй тэрбээр өөрийн домогт аялал, Абердинийг Европын аварга хэмээх урьд өмнө үзэгдэж харагдаагүй амжилтад хүргэж, Манчестер Юнайтедын ялгуусан 27 жилийг авчирсан тухайгаа эргэцүүлэн дурсжээ. Өнгөрсөн 27 жилийн турш Манчестер Юнайтед төрөл арилжиж, дэлхийд нөлөөтэй спортын баг болон гарч ирсэн билээ. Тэрхүү багийн өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бол багийн менежер болон 2008 онд Дэлхийн аваргын цомыг хүртсэн зэрэг гайхамшигт амжилтуудад хүрсэн түүний багийн чансаа байв.

4.Сорхугтани – Б.Сарантуяа

Худалдаанд гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтад тасралтгүй орж буй “Сорхугтани” роман нь их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.

5.Судасны чимээ – Г.Аюурзана


“Судасны чимээ” романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг харуулжээ.

6.Толинд туссан Будда – Л.Өлзийтөгс

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн арав дахь ном бол “Толинд туссан Будда” хэмээх яруу найргийн түүвэр юм. Нийт 80 гаруй шинэ шүлгээс энэ ном бүтжээ.

7.Сувдан даруулга – Б.Шүүдэрцэцэг

Зохиогч Б.Шүүдэрцэцэгийн уг номонд Цагаан уул, Бэрцэцэг, Цахирмаа, Зургадугаар сарын цас, Баян худалдаачны алтан зоос, Сүүлчийн өртөө зэрэг нийт 20 өгүүлэг, туужууд багтжээ.

8.Хүний нөөцийн менежмент – Ц.Цэцэгмаа

Энэ сурах бичиг нь их, дээд сургуулийн багш, судлаачид, магистрантууд, ахлах ангийн оюутнууд болон байгууллагын бүх шатны менежерүүд, хүний нөөцийн асуудлыг сонирхож буй хүмүүст хүнийг удирдах, хөгжүүлэх талаар мэдлэг олж авах, ур чадвар эзэмших үйл ажиллагаанд онол, арга зүйн лавлагаа болгон ашиглахад зориулагдсан болно. Уг сурах бичигт энэ чиглэлийн онолын асуудлуудыг дэлгэрэнгүй авч үзсэний зэрэгцээ орчин үед түгээмэл хэрэглэгдэж буй хүний нөөцийн удирдлага, хөгжилтэй холбогдсон практик жишээ, хөдөлмөрийн хууль эрх зүйн асуудал, шинэ аргачлал, зөвлөмж зэрэг олон талт мэдээллийг багтаажээ.

9.Хөгжил бол эрх чөлөө – А.Сэн

Нийгэм дэх таагүй байдлыг даван туулахад эрх болон эрх чөлөөний янз бүрийн төрлүүд ямархуу үүрэгтэйг ойлгох нь маш чухал тул энэ асуудлын талаар “Хөгжил бол эрх чөлөө” номд тусгажээ.

10.Менежментийн шинэ парадигма: Төлөвшил хөгжлийн үндсэн хандлагууд – Я.Шуурав, Я.Бямбасүрэн, Б.Баясгалан, Л.Отгонтуяа

Уг бүтээлд өгүүлж буй санаа, бодомжууд нь гадаад, дотоодын олон арван эрдэмтэн мэргэдийн ном бүтээлийг зэрэгцүүлэн үзэж, менежментийн дэлхийд тэргүүлэх сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, цөөнгүй байгууллагын амжилтын үндсийг судалсны үр дүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *