Categories
мэдээ цаг-үе

Бодлоо цэгцлэе. Зорилгоо тодорхойлъё

ФРИКОНОМИКС.Эсэргүү эдийн засагч юмс үзэгдлийн далд холбоосыг тайлбарлаж байна. С. Левитт & C. Дабнэр

Эдийн засаг бол зүгээр л амьдрал юм. Залуу эдийн засагч нийгмийн амьдралд тохиож буй юмс үзэгдлийн уялдаа холбоог онолын хүлээсэнд баригдахгүйгээр судалж, хэний ч санаанд ороогүй гайхалтай үр дүнгүүдэд хүрчээ. Ийнхүү судлах нь мэдээлэл боловсруулах өндөр чадамж буй болсон өнөөцаг үед бүрэн боломжтой, бас хэчнээн сонирхолтой болохыг та энэ номноос олж харна.

Гарсан даруйдаа хамгийн их борлуулалттай ном болж, олныг шуугиулан, дэлхийн 40 гаран хэлнээ хөрвүүлэгдсэн энэ ном эдийн засгийг хэрхэн судлах вэ гэдэгт шинэ санаа, сэдлүүдийг өгнө.

Бид ардчиллыг нэгэнтээ сонгосон. Харин ардчилсан нийгэм эрчтэй хөгжихөд засаглал нь сайн байх шаардлагатай. Засаглал сайн байхын тулд сонголт зөв байх ёстой. Харин сонголт зөв байхын тулд нийгмийн олонхийн мэдлэг боловсрол нийгэмшиж амьдрахтүвшинд байх ёстой гэсэн энгийн гаргалгаа бий ажээ.

Ардчиллын буянаар бид бүгд улс орны эдийн засгаамэддэг”, ярьдаг, оролцдог болцгоосон. Гэсэн ч заримдаа суурь ойлголт, зорилгоо мартчихаад, салхины аясаар хийсэх цаасан шувуутай хөөцөлдөөд байна уу даа гэж бодогдох. Тиймээс эргэж нэг харъя.

Эдийн засаг гэхээр “Хязгааргүй хэрэгцээг (1) хязгаарлагдмал нөөцийг ашиглан (2) хамгийн үр ашигтайгаар хангах (3) асуудлыг л судалдаг ухаан” гэж хэн бүхний толгойд бууна. Энэ юу гэсэн үг вэ?

НЭГ. ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭ ХЯЗГААРГҮЙ Л ГЭНЭ.

Энд зөвхөн материаллаг хэрэгцээний тухай яриагүй нь ойлгомжтой.

ХОЁР. ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦ.

Энд мөн л зөвхөн материаллаг нөөцийн тухай асуудал яриагүй. Энд хүний нөөц, тэр тусмаа чадвартай, мэдлэгтэй, хөгжсөн оюунтай хүний нөөцийн тухай асуудал байгаа, энэ нь хамгийн тэргүүлэх ач холбогдолтой, хамгийн тэлэх, өсөх чадвартай нөөц болохыг харин мартамгүй!

Тэгэхээр Монголд, монголын өнөөгийн эдийн засагт юу байна вэ? Ямар нөөц байна вэ? 1. Өргөн уудам газар нутаг байна. 2. Газрын хэвлийд ашигт малтмалын ихээхэн нөөц байна. (Энд би “баялаг” гэдэг үгийг зориудаар тойрч байна. Учир нь К. Марксын тодорхойлсоноор “Алив юм зөвхөн, хүний амьд хөдөлмөрийг шингээж байж л баялаг буюу таваар болдог” тухай социализмын ч бай, капитализмын ч бай бүх эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг тодорхойлолтыг бас эргэн санацгаая. Чухамдаа хөлд хөглөрөх чулуу үнэ цэнэгүй, харин түүнийг аваад засч янзлаад (хөдөлмөр шингээгээд) хүний хэрэгцээнд нийцүүлчихвэл сая ба бараа бүтээгдэхүүн, баялаг болох боломжтой. 3. Гурван сая хүн байна, тоон үзүүлэлтээр. Чанарын хувьд аваад үзвэл, эдийн засгийн идэвхтэй хүн ам 1,2 сая. Боловсролын түвшний индес 2013 оны байдлаар 0,94 байна. Хамгийн багаар бодоход насанд хүрсэн бараг бүх хүн бичиг үсэгт тайлагдсан гээд хялбарчлаад ойлгочихъё. Харин өнөө цагийн даяаршсан дэлхийд өрсөлдөх мэдлэг чадвар бидэнд байна уу гэвэл, учир дутагдалтай. Байхгүй гээд шулуухан хэлчихэж болно. Хэрэв ийм мэдлэг байсансан бол бид өнөөдөр газрын хэвлийд байгаа ашигт малтмалын ихээхэн нөөцөө ашиглах гэж, ингэж яахаа мэдэхгүй мунгинахгүй л байсан болов уу? Ядаж л харилцан ашигтай гэрээ хийчих мэдлэг чадвар бидэнд байсансан бол өнөөдөр бие биенээ харааж зүхээд сууж байхгүй л байсан даа. Өөр бусад нийгмийн чанартай юмнууд бий бий. Хялбарчлахын тулд тэр бүхнийг орхиё.

ГУРАВ.ХЭРХЭН

ХАНГАХ ВЭ?

Үүнийг нөөцийн маш чухал бүрэлдэхүүн болох хүн, хүний чадвар л шийднэ. Харин энэ нөөц хүрэлцэхгүй байгаа тухай дээр ярьсан. Тэгэхээр одоо яах вэ? Хүнээ сургах шаардлагатай. Сургаж чадах газар нь. Улмаар дотооддоо сургаж чадах багш, сургуулиа бэлтгэх хэрэгтэй. Харин ингэхийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө хаанаас авах вэ? Өөр ямар нөөц бидэнд байна? Мэдээж газар дор байгаа ашигт малтмалын нөөц. Үүнийхээ тодорхой хэсгийг, мэдлэг чадваргүйгээсээ болж асган цутган байж ч болов зарж байж л энэ асуудлыг шийднэ. Өөр ашиглачихмаар, зарчихмаар, хурдан эргэлтэнд орчихмоор нөөц бидэнд алга.

МАЙКЛ ПОРТЕРИЙГ ОЙЛГОХУЙ. Өрсөлдөх стратегийн үндсэн зарчим. Гарын авлага.

Жоан Магретта.

Майкл Портерийн санаа эдийн засгийн онолоос бизнес практикт шилжжээ. Түүнийг бүх дэлхийн томоохон компанийн удирдагчид ч, төрийн зүтгэлтнүүд ч ашигладаг. Харамсалтай нь Портерийн сургаалын тухай мэдлэгийг дам байдлаар олж авах нь элбэг бөгөөд энэ нь нэг бол бүрэн дүүрэн бус, нөгөө бол бүр гуйвуулагдсан байх нь бий. Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жоан Магретта М. Портертой 20 шахам жил хамтран ажиллаж буй бөгөөд түүний санааг маш товч бөгөөд цэгцтэй илэрхийлж чадсан нь номыг ихээхэн практик ач холбогдолтой болгосон байна.

Андхагч өгөгдлийн тухай ийм байж. Харин одоо зорилгынхоо тухайд ярилцацгаая. Бидэнд,энэ нийгмийн хүн бүрт ойлгомжтой, тодорхой, хэмжиж болохуйц зорилго байна уу? Надад бол их л бүдэг бадаг ерөнхий үгс санагдах. Тэгэхээр үүнийг тодорхой болговол яасан юм? Ойлгомжтой бас хэмжиж болохуйц. Учир нь байгууллагын хүн нэг бүр хүрэхээр хичээж буй зорилгоо тодорхой ойлгож байвал гүйцэлдүүлэх нь хавьгүй хялбар байдаг гэж удирдлагын онол заадаг. Тухайн тохиолдолд улс нийгмийг ч нэгдмэл зорилготой нэг байгууллага мэтээравч үзэж яагаад болохгүй гэж?

Бидний зорилго юу юм бэ?

Маш олон хариулт хэлэх боломжтой биз. Түүний дотор “Эх орноо хөгжүүлэх, мандуулах”, энэ, тэр гэсэн яг юуг хэлж буй нь ойлгогдохгүй, өнөө цагт ихээхэн дэлгэрсэн үгээр бол популист маягийн, олны тархийг гоё үгээр хий угаасан хийсвэр зорилгууд ч олон гарч ирэх биз. Би энд зүгээр л өөрийнхөө нэг хувилбарыг хэлсүгэй.

Нийгмийн зорилт гэдэг эцэстээ хүний л хүсэл зорилго. Энэ дэлхийд хүн болж төрсөн хүний зорилго юу байдаг юм бэ? Бодоод байвал хүн, хүнтэй л адилхан, хүнээс дутуугүй, хүлээн зөвшөөрөгдөж амьдрахыг л хүсдэг. Өнөөдөр хажуу айлтайгаа өөрийгөө харьцуулж хараад болж байнаа гэж бодох хүн бий. Нийгмийн өөр нэг бүлгийнхнийг хараад ингэж амьдрахсан гэж мөрөөдөх хүн бий. Гадагшаа гараад харьцангуй өндөр хөгжилтэй орны хүмүүсийн дунд орохдоо, ичиж зовж, шоовдорлогдох аюулгүй, энэ дэлхийн хэнд ч эн тэнцүү хүлээн зөвшөөрөгдөх нэгэн байхсан гэж хүсдэг нь ч бий. Тэгэхээр сүүлийнхийг нь энэ даяаршсан цаг үед амьдарч байгаа монгол хүний нийтлэг зорилго гэж үзэж болох юм.

Одоо зорилгыг хэмжих хэмжүүрээ тодорхойлъё. Улс орны эдийн засгийг харьцуулан хэмждэг хэд хэдэн үзүүлэлт бий. Хэдийгээр хүний хөгжлийн индекс гэх мэт илүү нарийн үзүүлэлт бий, бас хэдийгээр хуваарилт тэгш бус явагдсан тохиолдолд баахан гажигтай харагддаг нь үнэн ч (энэ харин засаглалтай их холбоотой асуудал бөгөөд үүний эдийн засагтай холбогдох сэжмийг би хожим бас хөндөхийг хичээнэ), эдийн засгийг бүхэлд нь харахад хамгийн тохиромжтой – Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг хэмжүүрээ болгох нь зүйтэй биз.

Одоо харин зорилгоо, сонгосон хэмжүүрээрээ илэрхийлсэн тоон утгатай болгоё. Нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр жагсаасан улс орнуудын жагсаалтаас харвал өнөөгийн гайгүй хөгжилтэй орны нэг хүнд ногдох ДНБ-ийг дунджаар 30,0 мянган ам долларгэж үзэж боломжтой. Бид энэ түвшинд хүрье гэвэл ДНБ-ээ 90 тэрбум ам долларт хүргэх шаардлагатай. (Хүн амын өсөлтийг тооцохгүйгээр авлаа.) 2013 оны үзүүлэлтийг багцаагаар 7-8 дахин өсгөсөн эдийн засаг гэсэн үг л дээ.

Ингээд бид зорилготой боллоо гэж үзье. Харин энэхүү зорилгодоо хэзээ, ямар замаар хүрэх бэ гэдэг хамгийн чухал асуудал бизээ. Энэ 90 тэрбум ам долларын эдийн засгийг ямар өртгөөр, ямар бүрдүүлбэрээр, ямар үе шаттайгаар, хэдий хугацаанд, яаж бий болгож болох тухайд өчнөөн хувилбар байж болох. Түүний дундаас оновчтойг нь сонгох нь бидний толгой мэдэх асуудал юм. Юутай ч зарчмын хэдэн асуудлаа эхлээд шийдчих хэрэгтэй.

Хэрэв бид уул уурхайгаа л түшиж босохоос өөр арга алга гэж үзвэл (үнэндээ тийм л байна) энэ дүнгийн хэдэн хувийг уул уурхайгаас хангах вэ? Үүнээс үүдээд бид хэдэн орд ашиглаж, ямар хугацаанд хэдий хэмжээний хүчин чадал ашиглалтад хүргэж, хэдэн он гэхэд зорилтоо хангах вэ? гэсэн асуултад хариулах тооцооллыг хийж болох. Мөн манай газар дорх өнөө мэдэгдэж буй ашигт малтмалын нөөцийн хэмжээг зах зээлийн дундаж үнээр, зохих тохируулгуудыг хийж тооцвол, бид үүний тулд нийт ашигт малтмалын нөөцийнхөө хэдэн хувийг ашиглах болох юм? Зах зээлийн хандлага, дотоод нөөц бололцоогоо харвал бид юуг нь түрүүлж ашиглавал зүйтэй юм? Үүний тулд хичнээн Хөрөнгө оруулалт татах хэрэгтэй юм бэ? гэх мэт тооцооллуудыг багцаалан хийх боломжтой л байж таарна.

Энд бидний баримтлах ёстой ганцхан чухал зарчим бий. Ашигт малтмалын нөөц ашиглалтаас олсон орлогыг шууд хэрэглээнд зарцуулахгүй байх, мөн төлөвлөснөөсөө хэтрүүлж, буцаан уул уурхайн салбарт оруулахгүй байх.

Хэрэв бид энэ мэтээр асуудлаа тодорхой болгочихвол өнөөдрийн “ашиглана”, “ашиглахгүй” гэсэн барьцгүй маргаан ч дуусгавар болох буйзаа.

ДАШРАМД НЬ УУЛ УУРХАЙ ДАГАСАН МАРГААНЫ ТУХАЙД.

Оюутолгой. Манай хамгийн анхны том гэрээ. Дуншиж дуншиж гарсан гэрээ. Магадгүй бид алдаа хийсэн байх. Учир нь бид туршлагагүй. Мэдлэггүй. Уг нь бид Дэлхийн банк чюм уу, ОУВСан ч байдаг юм уу, дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас гэрээ хийх тал дээр техникийн туслалцаа хүсч болох л байсан байх л даа. Магадгүй хүссэн ч байж мэдэх, би мэдэхгүй. Бас манай хууль зүйн яамныхан энэ чигийн гэрээ хэлцэл дээр ажилладаг дэлхийн нэртэй пүүсүүдийг судалж жагсааж байгаад хэн хэнд урилга өгөхөө шийдээд, тендер зарлаад хамгийн ашигтай нөхцөлөөр бидэнд туслах хуулийн фирмийг сонгочихож болоогүй л юм байх даа…Нэгэнт гэрээ хийгдсэн. Тэр тусмаа хувь эзэмшихээр гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл энэ бизнесийн эцсийн ашгиас хувь хүртэх нэг эзэд нь бид. Хувь оролцоотой бизнесийн эзэн яадаг вэ? Ажил хурдан жигдрээсэй, ашгиа хурдан хувааж эхлээсэй л гэж хүсдэг. Ажилд садаа болох биш, харин чадвал нэмэр тус болох, чадахгүй бол нэрмээс болохгүй байхыг боддог. Бид яагаад ч юм эсрэгээрээ.

Хэрвээ би үлдвэл… ГейлФорман

Үхэл, амьдралын зааг дээр эргэн дурсагдаж, амьдралын үнэ цэнийг тодруулах мөчүүд. Хайр, хөгжим. Номын үйл явдал гэхээс илүүтэй, орчин цагийн, арван долоохон настай, морин хийлч охины амьдралын эргэн тойрондох харилцааны адармаа болон тайлалууд нь залуу эцэг эхчүүдэд ч, өсвөр насныханд ч сургамжтай, хүмүүжил ёс зүйн ач холбогдолтой.

Дэлхийд бэстсэллер болсон энэ ном удахгүй монгол хэлээр, гарах гэж байна.

ЗАЛРУУЛЖ ЧАДАХ ЮМ БАЙВАЛ ЗАЛРУУЛАХ, ҮГҮЙ БОЛ ЗҮГЭЭР

ХЯНАЛТАА Л САЙН ХИЙЕ.

Хяналт гэснээс…

Өнөөдөр бид уг компанийн 34%-ийг эзэмшдэг учраас бүрэн тайланг авч үзэх, томоохон хэлцлүүд дээр саналаа өгөх эрхтэй байгаа нь мэдээж. Өнөөгийн, бараг л хүссэн мэдээллээ олоод үзэх боломжтой интернэтийн эрин зуунд, бусад ижил төстэй уул уурхайн зардлуудтай харьцуулж шинжлээд ямар зардал яагаад хэт өндөр байгааг тодруулах эрхтэй байгаа байх. Гэтэл татварын хэдэн тоогоо ч үндэслэлтэйгээр баталж чадахгүй, эргэж буцаад л… Нөгөө л мэдлэг чадварын дутагдал. Өнөөдөр Санхүүгийн олон улсын стандартын түвшинд тайлан бэлтгэж чаддаг, тэдгээрийг удирдлага болгон бүртгэлээ хөтөлж чаддаг, ийм тайланг уншиж, шинжилж чаддаг, зохих асуултыг тавьж чаддаг мэргэшсэн нягтлан бодогч, санхүүч хэд байна вэ? Эрхбиш хэд гурав бий гэж найдна. Тэднийг том төслүүддээ татаж ашиглаасай билээ. Өнөөдөр дурын дэлгүүр, ресторан, баарны эзэн бичил камеруудын тусламжтайгаар дэлхийн аль ч өнцгөөс үйл ажиллагаагаа хянаад, тооцоод явж чадаж байхад бид энэ том уурхайнхаа үйл ажиллагааг, ядаж гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээг баталгаатай бүртгэж, хянаж чадмаар даа?

Ер нь бид яагаад энд маргаад байдаг юм бэ? Баярцогт гишүүний, оффшор данснаас үүдээд, энэ гэрээг хийсэн нөхдүүд идсэн нь магадлалтай гэсэн хар хороос болдог юм уу? Баталж чадвал Баярцогтыгоо л шийтгэе. Тэрнээс өөрсдийгөө шийтгээд яах вэ та минь.

ТАВАН ТОЛГОЙ.

100 жил ашиглах нөөцтэй энэ уурхайг бид өртгөө нөхөж чадаж л байвал ашиглах л ёстой баймаар. Мэдээж өртгөө нөхөх гэдэг дотор би унаган байгалаа нөхөн сэргээхийг ч оруулж байгаа. Үгүй бол орхихоос өөр аргагүй. Ер нь тэгээд биднийг хэрэлдээд сууж байх хооронд нүүрс гэдэг юм зүгээр л үнс болчих гээд байна уу даа? Үгүй дээ л, түүний агаарын бохирдолд оруулж буй хувь нэмэр нь улс орнуудыг, түүний дотор гол хэрэглэгч болох Хятад улсыг энергийн өөр эх үүсвэр хайх, ядаж л нүүрсний хэрэглээгээ багасгах сэдэлд хүргэж буйг бид харж л суугаа билээ. Ийм цаг үед хэн чадах, хэн бидэнд арай илүү ашигтай нөхцөл санал болгосонтой нь л хамтарчихаж болдоггүй юм уу? Бизнесийн л дүрэм шүү дээ. Энэ даяаршсан нийгэмд эдийн засгийн хүч чадал л бидний өөрийгөө хамгаалах бамбай болно уу гэхээс хана хэрэм, хашаа хороо, нарийн, бүдүүн цариг биднийг хамгаална гэж юу байхав дээ.

ГАЦУУРТЫН ОРД.

Энэ орд 10 жил ажиллаж, өнөөгийн ханшаар 3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, бидэнд 659,8 тэрбум төгрөгийн татварын орлого өгөх юм байна. Энэ л бидний цэвэр ашиг шүү дээ! Яагаад манайхан дээр дооргүй л, өөрийн санд орох энэ мөнгийг биш, хүний халаасанд орох200,0 сая ам долларын тухай л онцолж яриад байна вэ? Хэрэв бид хувь эзэмшвэл, энэхүү 200,0 сая ам долларын ашгаас нэмж ашиг хүртэх л юм биз дээ.Гэхдээ татвараар хураах 660 тэрбумтай харьцуулахад юу шалив гэж?

Ашиглахын эсрэг байгаа хүмүүсийн яриаг сонсвол тэнд бидний өвөг дээдсийн булш бунхан, түүхэн олдворууд байгаа гэнэ. Харин бодит байдлыг ухваас ил хөрсийг аль хэдийнэ эргүүлээд хаячихсан, хэрэв булш бунхан байсан бол (байсан бол шүү!) аль хэдийнэ шороон ордыг ашигласан хүмүүсийн гараар ороод дууссан гэдэг нь илэрхий ажээ. Одоо тэгэхээр нэгэнт сэндийчсэн талбайн дор нь байгаа, хөрөнгө хүч илүү их шаардах хүдрийг ухаж ашиглая гэж байгаа, ойрмогхон, өөрийн суурилагдсан, баяжуулах үйлдвэртэй, тиймээс ч арай бага өртгөөр үйлдвэрлэл явуулах боломжтой нөхдүүдээр энэ ажлыг хийлгээд дараа нь байгаль орчноо сэргээлгэж авах уу, эсвэл энэ чигээр нь орхиод, шүлсээ гоожуулсан хэдэн нинжа наанадаж хүний мөн чанараа, цаанадаж амь насаа ч алдах магадлалтайгаар болсон, болоогүй технологиор оролдог гээд орхих уу? Хэн нөхөн сэргээлтийг хийх вэ? Ашигтай ажиллаж чадах давуу нөхцөлтэй хүнтэй гэрээ хийсэн нь дээргүй юу?

Дашрамд дурьдахад хоёр жилийн өмнө билүү дээ манай сүлжээний инженерүүд Бороогийн уурхай дээр үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан юм. Дэг журам, сахилга бат, стандарт сахина гэж юу байдгийг тэнд л бүрэн утгаар нь үзлээ гэсээр ирж байсан юм даг. Бидэнд ч сурах юм их бий шүү.

Уран. Мэдээж аюултай. Гэхдээ хорвоо дэлхийд үүнийг ашигладаг, өндөр хөгжилтэй улсууд байнаа байна. Бид ч социализмын үед орос ах нараараа зөндөө л ухуулсан даг. За тэр авсан өгсөн мөнгө төгрөг ч дүүрч. Харин манай нутаг оронд үзүүлсэн муу нөлөө нь юу байсан бол? Тэрийг л яривал ярих юм даа. Бас орчин үеийн технологи тэр эрсдийг хэр бууруулж чадсаныг. Үнэндээ Япон зэрэг, атомын цахилгаан станцийн үр шимийг ч, эрсдлийг ч үүрээд энэ чигт маш нарийн технологитой болж буй улсаар ганц үйлдвэр бариулаад авчихдаг болж ч, юун яасан “утаа мутаа” л гэж санагдаж байна шүү. Тэгээд утаанаас хордож байгаа, өвдөж өвчилж байгаа, цусан дахь хүнд элементийн хэтрэлтээс шалтгаалаад бодох сэтгэх чадвар нь муудаж буй хүний тоог гаргавал юун уранаас болж хордох хүний тоо л байх шүү. Тэгээд ч нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд толгой цохидог газартай улс өөрийнхөө хог хаягдлыг аюулгүй байлгахадхэдэн километр хавтгай дөрвөлжинг зарцуулах шаардлагатайг тооцож үзсэн хүн ер нь байдаг л байх даа?

БУСАД.

Төмрийн хүдэр, газрын тос, хий, ховор элементүүд бас бус. Мэдээж цөөн төрлийн бүтээгдэхүүний үнийн уналтад өртөөд байхгүйн тулд, нэр төрлөө олшруулах л хэрэгтэй. Тэр тусмаа импортын гуравны нэгийг дангаараа эзэлдэг бензин шатахуунаа дотоодоосоо хангадаг болчихвол ч учир бий дээ.

ЭЦЭСТ НЬ, ҮР УДАМДАА БАЯЛГАА ҮЛДЭЭНЭ ГЭДЭГ ЯРИАНЫ ТУХАЙД.

Тиймээ гэж хэлж болно. Ер нь байгаа болгоныг ашиглана гэж шуналтаад байх ч шаардлага байхгүй л дээ. Гурав, дөрөвхөн сая хүн, тархины нөөцөө баялаг болгох чадвартай болох хүртэл хэд хэрэгтэй байгаа юм, түүнийг л ашиглая. Харин огт ашиглахгүй ээ гэвэл, уучлаарай. Хойч үе маань улс орноо аль эрт хөгжүүлчих боломжийг хойш нь тавьсныг, бидний залхуу хойрго, арчаагүйг гайхан шагширч байг гэж би лав хүсэхгүй байна. Эсвэл өнөөгийн бидний “гэнэхэн” сэтгэлгээ үр удам даган удамшиж, үүрд мөнх ….,За за больё.

Дээр дурдсан санаагаа давтаад хэлэхэд үр удамдаа, ирээдүй хойчдоо, газрын доорх баялаг гэхээсээ илүүтэй, боловсрол чадвартай тархи толгой, энэ дэлхийн өндөр хөгжилтэй, тийм дээ ч их зантай олны дунд орохдоо ижил тэгш гэдгээ мэдэрч чадах тийм л НЭР НҮҮР үлдээмээр байна. Одоо бол, хил дамнаад бусдын онгоцонд суухдаа л, утааны үнэр бие хувцаснаас нь ханх тавьсан, ядуухан орны ядруухан иргэн, хоёрдугаар “сортын” хүн гэдгээ мэдрэх таатай бус мэдрэмж амсцгаадаг маань энгийн үнэн билээ. “Алтан дээр суусан гуйлагчин” ч сайхан нэр биш, уучлаарай. Залхуу хүн завагт дүүжилсэн будаандаа хүрч чадалгүй өлсөж үхсэн үлгэр байдаг даа. Тэрэн шиг л юм болохгүйм шүү.

Цааш нь, даяаршил ба өрсөлдөх давуу тал, эдийн засаг ба хуулийн засаглал гэх мэт ул суурьтай хөндөж ярилцууштай олон сэдэв байна даа бидэнд.

А. ОЮУНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *