Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аав, ээж рүүгээ ярьсан уу

Саяхны нэгэн өдөр багын найзтайгаа уулзахад нэгэн болсон явдлыг надад ярьсан юм. Энэ бол хоёрхон минутад гар утас засварын газар болсон явдал л даа. Нэлээд ядруу байрын өвгөн орчин үеийн хотын хөгжилд тийм ч дасаагүй бололтой гар утасны худалдаа, засварын газар ороод эргэн тойрноо ажин хэсэг зогссоноо гар утас засдаг хүн хайж явсаар нэгэн залуугийн өмнө очиж “Миний хүү өвөөгийнхөө энэ гар утсыг үзээд өгөөч. Эвдэрчихсэн юм аа” хэмээн сарвайсан гэнэ.

Засварчин залуу бүх зүйлийг нь нэгд нэгэнгүй үзээд “Өвөө таны утсанд ямар ч эвдрэл байхгүй байна. Санаа зоволтгүй” хэмээн инээмсэглэхэд өвгөний царай барайж “Үнэхээр эвдрэл алга уу. Засаад өгвөл өвөө нь ч мөнгийг нь өгнө л дөө” хэмээн энгэрээ ухахад засварчин “Зүгээр утсыг юуг нь засуулах гээ вэ” хэмээн гар утсыг нь буцаан өгсөн байна. Гэвч өвгөн хүрэн бор царайгаа үрчийлгэн байж “Тэгвэл миний хүүхдүүд яагаад над руу ярихгүй байгаа юм болоо” хэмээн нулимстай нүдээ гараараа шудран гарч одсон тухай яриа байлаа.

Найзынхаа ярьж байгааг сонсож суусан би нэг сөхөө авах мэт болоод л хамгийн түрүүнд аав, ээж рүүгээ залган ярьсан юм. Хэчнээн цаг минут ч өнгөрснийг анзааралгүйяриад дуустал “Таны хэрэглээний төлбөр 77310 төгрөг болж гарах ярианы эрх хаагдлаа” хэмээн мессэж ирэв. Тэр хамаагүй, өчигдөр миний цалин буусан. Та ингэхэд аав, ээж рүүгээ утсаар ярьсан уу.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *