Сар шинийн өмнөхөн эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр намын байрандаа байхад АТГ-ын ажилтнууд ирж саатуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар дөнгөж сая тус намын байранд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Манай намын даргыг өчигдөр АТГ-аас н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр гэх хоёр залуу ирж саатуулсан. Мөн тэд ирэхдээ 2015 оны 02 сарын 27-ны өдөр буюу өнөөдөр 15 цагаас АТГ-т ирэх Зарлан дуудах бичиг өгсөн. Ямар шалтгаанаар дуудаж байгаагаа хэлээгүй. Намын даргаа маань энэ үеэр өмгөөлөгчгүйгээр ямар ч Зарлан дуудах бичиг авахгүй гэдгээ хэлсэн. Мөн дуудсан шалтгаанаа мэдэхгүйгээр очихгүй гэдгээ ч хэлсэн. МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн байсан хүнтэй ингэж харьцаж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж ч болохоор нийгэмд бид амьдарч байна.
Н.Энхбаяр дарга өнөөдөр 15 цагаас МАХН-ын төв байрандаа манай намд итгэл үзүүлсэн 350 гаруй шинэ гишүүндээ батламж гардуулах арга хэмжээнд оролцоно. Тиймээс АТГ-ын дуудсан цагт очих боломжгүй гэдгийг хэлмээр байна. Гэм буруугүй гээд Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлчихсэн хүнээс АТГ дахиад ямар мэдээлэл авах гээд байгааг мэдэхгүй байна” гэлээ.