Categories
мэдээ нийгэм

Оросын эх орноо хамгаалагчдад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр ОХУ-ын “Эх орноо хамгаалагчдын өдөр” тохиож байна. Энэхүү хүндэтгэлийн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, дэд сайд А.Баттөр болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын албан хаагчид ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид хүндэтгэл үзүүлсэн.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнө удаан жилийн ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэн Оросын ард түмэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн цэрэг дайчид, зэвсэгт хүчнийхэнд энэхүү аугаа өдрийн мэнд хүргэж байгаагаа ноён Элчин сайдаар дамжуулан уламжиллаа. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа үеийн үед бэхжин хөгжсөөр байна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Дашрамд дурдахад, 1918 онд Герман Зөвлөлт Орос улс руу довтолсон үед Псков, Нарвагийн дэргэдэх тулалдаанд байгуулсан ялалтыг мөнхлөн, жил бүрийн 02 дугаар сарын 23-ны өдрийг “Улаан армийн ялалтын баяр” болгон тэмдэглэж байсан бөгөөд 1991 оноос эхлэн “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон, уламжлан тэмдэглэж иржээ. Энэхүү өдрийг Монголын ард түмэн, Зэвсэгт хүчин, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам болон оросын байгууллагуудтай хамтран тэмдэглэдэг уламжлалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *