Categories
мэдээ нийгэм

“Улсын шилдэг хоршоо”-д тодорлоо

“Улсын шилдэг хоршоо”-г шалгаруулах арга хэмжээ өчигдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо. Тус арга хэмжээнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн болон хоршоодын төлөөлөл холбогдох албаны хүмүүс оролцов. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хоршоодын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, урам хайрлах, туршлагыг нь хуваалцаж, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Засгийн газрын тогтоолоор “Улсын шилдэг хоршоо”-г шалгаруулах журмыг батлуулсан. Улмаар 100-аас дээш гишүүнчлэлтэй хоршоод сум бүрт байгуулагдаж, хоршоолох хөдөлгөөн идэвхжиж, хоршооны гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Тиймээс ч жил бүр уламжлал болгон шилдэг хоршоодыг шалгаруулсаар ирсэн юм. Тэгвэл “Согтууруулагч” хэмээх хөхөгчин хонь жилийн босгон дээр 2014 оны УЛСЫН ШИЛДЭГ ХОРШОО”-дыг шалгаруулж урамшууллаа. Хоршооллын хөдөлгөөний 21 дүгээр зуунд баримтлах үндсэн долоон зарчмын хэрэгжилтийг хангаж, хоршооны тогтвортой хөгжлийг бүрдүүлж, амжилт гарган бусдыгаа хошуучлан ажилласан Архангай аймгийн “Өгийн мандал”, Өмнөговь аймгийн “Хийморь далай”, Ховд аймгийн “Тунгалаг уст шураг”, Дундговь аймгийн “Амьдралын туг”, Дорнод аймгийн “Ноён даамал” хоршоод шалгарсан юм. Шалгарсан хоршоодод Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа.

Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 3200 гаруй хоршоо бүртгэгджээ. Эдгээр нь 21 аймагт 200 мянган гишүүнчлэлтэй, 60 гаруй мянган хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. Хоршоог дэмжих төвүүд 21 аймагт байгуулагдаж, “Монголын хоршоодын үндэсний нэгдсэн холбоо” мэргэжлийн таван холбооны хамт ХАА, Үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгаламж зээл, худалдаа, ахуйн үйлчилгээний салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *