Categories
гадаад мэдээ

Украинд гал зогсоох шийдвэр гарсан ч цуст тулаан үргэлжилж байна

Зүүн Украинд гал зогсоох шийдвэр гарснаас хоёр хоногийн дараа тус улсын зэвсэгт хүчин болон ОХУ-ын салан тусгаарлагчид хооронд дахин буудалцаан болов. Үүний улмаас Украины аюулгүй байдлыг хамгаалах хүчний таван албан хаагч амиа алдаж, 25 хүн шархадсан талаар тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Андрей Лусенко мэдээлжээ. Тэд жижиг зэвсгээс эхлэн миномёт хүртэл ашигласан аж.

ОХУ-ын салан тусгаарлагчид энэхүү тулаанд Украины талыг буруутгаж буй юм байна. Украины зэвсэгт хүчний салбарын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Чалов хэлэхдээ, Зүүн Украины Мариуполь орчимд миномётын галаар цохилт өгсөн гэв. Энэхүү буудалцаан ням гаригийн оройноос эхэлсэн бололтой. Өнгөрсөн даваа гаригт Украины Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Андрей Лусенко сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Бид зөвхөн хариу цохилт л өгөх болно” гэсэн байна.

Зүүн Украинд 10 сарын турш үргэлжилсэн “дайн” өндөрлөснийг зарласан. Гэвч түүнээс хойш 90 минутын дараа Луганскийн бүс нутаг дахь Золот орчимд гал нээсэн байна. Украины Ерөнхийлөгч Петро Порошенко салан тусгаарлагчид гал зогсоох тушаалыг дагаж чадахгүй бол Украин даяар дайны байдал зарлах болно гэж анхааруулсан байна.

Өнгөрсөн даваа гаригт Зүүн Украины олон газарт хүчирхийллийг зогсоож, түр эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Энэ нь нуугдаж байсан зарим оршин суугчдын хувьд гадагш гудамжинд гарч, хоол хүнс, эм тариагаа цуглуулах боломж олгожээ. Гэвч ирээдүйд юу болох нь тодорхойгүй байна. Нэгэн эмэгтэй CNN-д “Хэдий болтол энэхүү цуст дайн үргэлжлэх юм бол” хэмээн хэлжээ.

“Бид бүгдээрээ энхийг хүсч байна”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *