Categories
мэдээ нийгэм

Чингэс хааны цэргийн түшиц хот чингай балгас олжээ

Баруун гар талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока.

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2014 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд Монгол улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Халзан ширэг хэмээх газарт археологийн сорилын малтлага хийжээ. Халзан ширэг балгас нь Шарга сумын төвийн баруун өмнө зүгт 10 км-т, Шаргын цагаан нуурын зүүн зүгт 15 км-т, Шаргын голын өмнө хөвөөнд буй зуйвандуу дөрвөлжин шороо хэрэм бүхүй, багашаархан балгас юм. Энэхүү 15 хоногийн хугацаанд Халзан ширэг балгаст архелогийн сорилын малтлага хийж, он цаг тогтоох лабориторийн шинжилгээний дээжийг авчээ. Малтлага судалгаараа олон тооны ахуйн хэрэглээний ваар савны хагархай, бод, бог малын яс, төмөр хайлуулж байсан бололтой төмөрийн баасны үлдэгдэл болон ясан эдлэлүүд илэрч олджээ. Олдвороос өнгөрсөн оны сүүлээр Японы улсад нарийн судалгаанд оруулж, 13-р зууны Монголын эзэнт гүрний үед Чингис хаан төв азид довтлон явахын төлөө замдаа байгуулаад ашиглаж байсан цэргийн түшиц хот Чингай балгас мөн болохыг тодорхойлсон байна.

Энэхүү судалгааг анх 2004 оны үед хийж явахад үүнтэй ижил олон тооны ваар савны хагархайнууд илэрч олдсоноос гадна эртний уламжлалт Хэ Ци, Бай ци, Ци жоу, Жүн яао гэм тэр төрлийн цагаан, хөх шаазангийн хагархай цөөнгүй илэрч байжээ.

13-р зуунд монголчууд яагаад хүчирхэг болсоны цаана цэргийн жижиг хотууд, мөн үйлдвэрийн түшиц газар байдаг тухай судлаачид үздэг. Судлаачдын хэлж байгаагаар Чингай балгас бол Монголын хамгийн баруун хэсэгт байгаа хот. Судалгаагаар энэ нь монголчуудыг баруун тийш тэлж, томорсоныг харуулж байгаа юм. Уг хотыг монголчуудыг хүчирхэгжиж, баруун тийш гарахад хамгийн гол нөлөө үзүүлсэн. Мөн тэр орчимд тариалан эрхэлдэг байсан байна. Монголын эзэнт гүр өөрийн эзэлсэн газар орон нутагтаа техник технолигт ур чадвартай хүмүүсийг цуглуулж, үйлдвэрлэл бий болгож, түүнийхээ үр дүнд байлдан дагууллыг хийсэн байна. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулж, улмаар цааш улам хүчирхэгжих үйл явц нь маш нарийн төлөвлөгөөтэй шат дараатайгаар хийсэн. Түүний нэг гол үндэс нь бол Чингай балгас юм. Үүнээс үндэслээд судалгааны баг Говь-Алтай аймгийн Шарга сумын нутгаас олдсон олдворууд 13-р зууны үеийнх гэдгийг баталжээ. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард Японд хийсэн шинжилгээний нарийн судалгааны үр дүнд, газар зүйн байрлал нь Чингай балгас мөн болохыг тогтоогоод байна.

Чингай балгасыг чухам хаана байгаа талаар гадаадын олон эрдэмтдийн судалгаа байдаг аж. Гэхдээ тэдний хувьд бичгэн судалгаан дээр үндэслээд судалгааг хийхэд таван газар байгаа гэж үзжээ. Харин Монгол-Японы “Бичээс” төслийн багийнхны хувьд газар дээр нь очиж, бүрэн судалгааг хийсний үр дүнд Чингай балгас мөн болохыг тогтоожээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн судалгааны үр дүнд гарсан яс болон модны хэлтэрхийг Монгол улсын зохих газрын зөвшөөрөлтэйгээр Японд нарийн шинжилгээ хийж, олдворууд 13-р зууны үеийнх мөн байна гэдгийг баталсныг Японы эрдэмтэд дуулгалаа.

Судалгааны багийнхний хэлж байгаагаар олдсон олдворууд Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын судалгааны лабораторид хадгалагдаж байгаа бөгөөд нарийвчилсан судалгааны дараа улсын музейд хүлээлгэн өгөх юм байна.

Түүхэн сурвалж бичгийн баримт болоод архелогийн малтлагын дүнд одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт буй Халзан ширэг балгас нь эртний Чингай балгас байсан хэмээн болж болохыг “Бичээс” төслийн багийнхан хэлсэн юм.

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн багт Монголын талаас профессор А.Очир, дэд профессор Л.Эрдэнэболд, Японы талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока, монголч эрдэмтэн, профессор Т.Мацукава нар багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *