Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдах нь их байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтын явцад хэрэглэх хугацаа хэтэрсэн 517 төрлийн 4561 ширхэг хүнсний бүтээгдэхүүн илрүүлжээ. Мөн хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон 180 кг махыг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан 10 төрлийн 161 ширхэг тамхи, 5 төрлийн 37 ширхэг архийг хурааж, улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн акт тогтоожээ. Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.

Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороо, “Шилэн зах”-ын лангуунд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундааг битүүмжилж, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус 0,5 литрийн “Тансаг” нэрийн архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд өгчээ. Тус худалдааны төвд худалдаалагдаж байсан нь 43 хайрцаг, 752 ширхэг архи, согтууруулах ундааг лац тавьж битүүмжилсэн бөгөөд лацыг хөндөж, битүүмжилсэн архи, согтууруулах ундааг зөөвөрлөж, нуун дарагдуулсан тул харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Хаяг шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн /хэвийн боов, “Бабула” нэрийн тараг, эрдэнэшиш, 2 нэр төрлийн ууттай чанадаг бэлэн гоймон, сармистай зөгийн бал, лимонтой зөгийн балтай цай, ундаа ,тахианы мах амтлагч, “Жем интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Тэргүүн” цагаан архи /380-ийн 0.25, 0.5 граммаар савлагдсан/-зэрэг бүтээгдэхүүнүүдийг татан авалт хийлгэж, импортлогч байгууллагууд болон үйлдвэрлэгчдэд мэдэгдэж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлээд байна.

Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн цуглуулгыг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 42 дугаар лангуунаас худалдан авсан зарлагын баримттай Чихрийн цуглуулгын шошгон дээр 2013 оны 11 сарын 01-нд үйлдвэрлэсэн 1 жил хадгалах хугацаатай гэж бичигдсэн байгааг 2014 оны 09 сарын 01 гэж үйлдвэрлэсэн он сар өдрийг өөрчлөн засварласан, 2015 оны 01 сарын 16-нд үйлдвэрлэсэн хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас” ХХК-ийн “Одод” нэрийн чанамал хиам, “Траст трейд” ХХК-д 2015 оны 01 сарын 28-нд үйлдвэрлэсэн “Зэрэглээ” нэрийн чанамал хиамны хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй зөрчлийг илрүүлж, нийт 4 нэр төрлийн 25 ширхэг 2,3 кг 68900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч устгалаа.

Булган аймагт Булган сумын “Баянзүрх” хүнсний дэлгүүрт хаяг шошгогүй, 7 кг-аар савлагдсан 8 уут өттэй хатаасан жимс худалдаалж байсныг акт үйлдэн устгалын комисст хүлээлгэн өгсөн байна.

Дорнод аймагт чанарын шаардлага хангахгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн аягатай шоколад, “Qiaokeli” чихрийг хураасан байна.

Аймаг, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн Барс, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдээс хугацаа нь дууссан барааг ихээр худалдан авч, орон нутагтаа худалдаалж байгаа зөрчил нийтлэгээр илэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *