Categories
мэдээ нийгэм

Багш, эмч нарын цалинг 10-хан хувиар нэмлээ гэхэд 300 тэрбум хэрэгтэй

Эмч, багш нар цалин тэтгэвэр, тэтгэмийг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж өнгөрсөн долоо хоногт жагссан. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмлээ гэхэд төсөвт 300 тэрбум төгрөг шаардлагатай. Эдийн засгийн хүнд байдлыг даван туулахын тулд төсвөө нэг их наяд төгрөгөөр танаж байхад багш, эмч нарын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60 хувиар нэмэгдүүлбэл төсөвт улам дарамт учирна. Тиймээс тэдний жагсаал, тэмцээн хаданд хашгирсан цуурайтай адил юм. Улс орноо хямралаас аврахын тулд ард түмэн нь ээмэг, бөгжнөөсөө өгсүүлээд үнэт эдлэлүүдээ өгч байсан түүхүүд бий. Харин манайхан эдийн засгийн ийм хүнд үед цалингаа нэмүүлэх гээд жагсч байгаа нь эх оронч сэтгэлгээ мөн үү.

Жагсагчид “Цалинг 60 хувиар нэмэхийг шаардаж байна, Бид өр төлөгчид биш, Хэмнэлтийг эрх баригчид өөрсдөөсөө эхлүүлье, Эх орондоо сайхан амьдармаар байна” гэсэн лоозон барьчихсан байв. Тэд энэхүү шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлж, шаардлагын хариуг өчигдөр ирүүлсэн байна. Ямар хариу ирснийг Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмараас тодруулахад “Бид цалинг 60 хүртэлх хувиар нэмэхийг шаардаж байгаа. Гэтэл энэхүү шаардлагын хариуд нааштай зүйл огтхон ч ирсэнгүй. Тиймээс бид ирэх баасан гаригт үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, дахин дуу хоолойгоо хүргэнэ” гэж байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *