Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав “Цагдаад өнгөцхөн хандахгүй”

Сайд нарыг жинхлэх УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хууль зүйн сайдад нэр дэвшигчид хандаж Ө.Энхтүвшин гишүүн “Б.Билэгтээс хойш цагдаад дарга тогтохоо байлаа” гэсэн. Д.Дорлигжав ч цагдаад асуудал бий гэж үзэж байгаа бололтой. “Цагдаа учир зүйгээ олохоо байсан байдал ажиглагдаж байгаа. Цагдаагийн хүн шиг байж чадахгүй улс төрчдөд хов зөөж гүйдэг хүмүүс бий. Зүгээр нэг өнгөцхөн байдлаар асуудалд хандахгүй” гэж нэр дэвшигч хэлсэн юм. Тэрбээр мөн гишүүний асуултад хариу хэлэхдээ “Энэ албыг залгуулахад надад хэцүү байсан. Манай эхнэрээр дамжуулаад асуудлаа яриулсан хүн байсан. Хүний хувьд байж суухад хэцүү үе надад бий. Ерөнхийлөгчийн хэлсэн амь дүйсэн ажил шүү гэдэг үг санаанд орж ирдэг байсан. Болохгүй болохоороо гудамжинд гарч, элдэв гүтгэлэг үг яриа тараадаг” гэж “сэтгэлээ уудлав”.

Ц.Нямдорж гишүүн Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжаваас “Төрийн албан хаагчдын эмнэлэгийг дахин авч үзээч. Энэ барилга эмнэлэгийн зориулалтаар баригдсан учраас оффисын зориулалтаар ашиглах боломжгүй. Эмнэлэгийн тааз 3,40 метрийн өндөр байдаг, дундуур нь агааржуулагч явдаг. 30 мянган албан хаагчийн дунд нэг эмнэлэг байж яагаад болдоггүй юм. Ганц эмнэлэг байгуулах гэтэл хоёр жил чагталлаа. Аар саархан юм хийгээд дахиад эмнэлэг болгох боломжтой” гэж хүслээ. Ө.Энхтүвшин гишүүн мөн энэ эмнэлгийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгох талаар лавласан. Нэр дэвшигч өөрөө ч энэ эмнэлгийг Х.Тэмүүжинтэй булаацалдсан удаатайг нэг бус гишүүн үгийн далимд сануулав.

Д.Дорлигжав хариуд нь “Засгийн газраас нэлээд мөнгө гаргаад, зориулалтыг нь өөрчилсөн байх. Би дотор нь орж үзээгүй. Ийм эмнэлэг байх эсэхийг Засгийн газрын хэмжээнд ярьж байж шийднэ” гэсэн юм. Ц.Нямдорж “Эмнэлэгийн талаарх байр суурь таалагдахгүй байна. Засгийн газар шийдвэр гаргахгүй бол УИХ шийдвэр гаргах цаг болсон” гэсэн юм.

Санал хэлэх болоход ихэнх гишүүд Хууль зүйн сайдад захиас дайлаа.

Ч.Хүрэлбаатар гишүүн “Миний сонгогдсон Увс аймгийн Засаг дарга, АН-ын дарга өөртөө таалагдаагүй хүмүүсийг матаж, шоронд хорино гэж айлгадаг. Ард иргэдийг хувийн хэвшлийнхнийг, МАН-ын гишүүдийг айдас хүйдэст автуулж байна. Энэ бүхэндээ таны нэрийг барьдаг. Одоо энэ хүн Хууль зүйн сайд шиг аашлахыг хүсэхгүй байна. Энэ хүндээ та сануулаарай. Та ч бас хэд хоног хэвлэлээр гүтгүүлж доромжлуулах ямар байдгийг үзлээ” гэсэн юм.

Д.Дорлигжавыг хуралдаанд оролцогчдын 94,4 хувийн саналаар дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *