Categories
гадаад мэдээ

АНУ-ын иргэн эмэгтэй Арабад амиа алджээ

Өнөөдрийг болтол тус улс нь АНУ болон барууны иргэдэд арабын орнуудын дундаас хамгийн аюулгүй оронд тооцогдож байсан. Гэтэл саяхан Абу Даби хотын өндөр зэрэглэлийн худалдааны төвд Америкийн иргэний амь насанд халдсан хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

АНУ-ын иргэн 47 настай хоёр ихэр хүүхдийн ээж, багш мэргэжилтэй Ибола Райн хэмээх эмэгтэйн аминд хүрсэн хүн бурка өмссөн этгээд байсан гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн байна. Гэмт этгээд өдрийн 13:12 цагийн үед Боурик Молл дэлгүүр рүү орж шатаар дээш өгсөн тэнд байгаа аюулгүйн албаны хүнтэй ярилцсаны дараа ариун цэврийн өрөө рүү шууд орж хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу 14:44 цагт өрөөнөөс гарахдаа ямар нэгэн аймшигт юм харсан дүр эсгэж арагшаа харж байсан үнэмшил муутайхан бичлэгийг олон улсын хэвлэл мэдээллийн агенталгууд тавьжээ.

Түүнийг ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа худалдааны төвд үймээн гарч эхэлжээ. Цагдаа нар ариун цэврийн өрөөнд цэнхэр иштэй хутгаар америк эмэгтэйг хутгалсан болохыг тогтоосон байна. Бурка өмссөн эрэгтэй эмэгтэй нь үл мэдэгдэх гэмт этгээд бүх биеэ халхалж, гартаа бээлий өмссөн байжээ. Тэрээр дэлгүүрээс юу ч болоогүй мэт гарч машиндаа суусан бичлэгийг хяналтын камераас харагдах аж.

Америкийн иргэн эмэгтэйг тэр доор нь эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан гэж албаныхан мэдээлсэн байна. Гэмт хэрэгтэн зөвхөн америк эмэгтэйн аминд хүрээд зогсохгүй бас нэгэн эмчийн гэрийн үүдэнд бөмбөг тавьсан тухай Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Харин Аюулгүйн албаныхан энэ хэргийг эрт мэдсэний ачаар ямар нэгэн аюул учраагүй өнгөрчээ.

Сүүлийн үед хэт даврагсдын өшөө авах зорилготой халдлага АНУ-ын иргэд рүү ихээхэн чиглэх болсон тухай мэргэжилтнүүд ярьж байгаа аж. Энэ халдлагын талаар бараг сарын өмнө жихадистуудын вэб сайтад үл таних этгээд анхааруулж, америк сургуулийн багш нарын дунд халдлага үйлдэх талаар мэдэгдэж байжээ. Гэвч Арабын Нэгдсэн Эмират Улсын Аюулгүйн албаныхан үүнийг хуурамч сүрдүүлэг гэж үзэн тоомжиргүй хандсаны улмаас халдлага гарсан байна.

Уг үйл явдлын дараа тус улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас ард иргэддээ хандан аюулгүй байдлыг хангах үүднээс хүн олон цугларсан газар аль болох явахгүй байхыг анхааруулсан мэдэгдэл хийжээ. Түүнчлэн гар утсандаа байнга Аюулгүйн албаны дугаарыг хадгалж явахыг сануулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *