Categories
гадаад мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийг хориглох тухай хуулийг боловсруулжээ

Гэр бүлийн хүчирхийллийг хориглох тухай хуулийг боловруулжээ БНХАУ гэр бүлийн хүчир­хийл­лийг хориглох тухай анх­­ны хуулийн төслийг бо­ловс­руулжээ. Гэр бүлийн хүчир­хийллийн талаархи асуудал тус улсын хувьд олон жилийн турш орхигдож ирсэн бөгөөд холбогдох албаны хүмүүс энэ шинэ хуулийн төслийг нааштай хүлээн авч байгаа аж. Гэхдээ батлагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Шинэ хуульд анх удаагаа албан ёсоор гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтыг тодорхой тусгасан байна.

Ингэхдээ таслан зогсооход чиглэсэн дүрэм журмыг хялбаршуулах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгууллагуудын урт удаан хугацааны турш шаардаж ирсэн саналуудыг хуулийн агуулгад тусган өгөх аж. Бээжингийн эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвийн захирал Хоу Зимин “Эцсийн эцэст энэ хууль журам руу чиглэсэн хөдөлгөөн эхэллээ” хэмээн дүгнэн хэлсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн хууль тогтоомжийн асуудал эрхлэх алба хуулийн төслийн агуулгад зарим нэг учир дутагдалтай заалт байгааг олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэсэн юм.

Хятад улс арваад жилийн өмнө хүртэл бие махбодийн хүчирхийллийг салах шалтгаан гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Харин 2001 онд шинэчлэн баталсан гэр бүлийн тухай хуульд анх удаагаа гэр бүлийн хүчирхийллийг хориглох заалт оруулж байжээ. Гэхдээ уг хууль нь гэр бүл хүчирхийллийн хууль эрх зүйн тодорхойлолт байхгүй байсан учир хохирогчдын олонхи нь шүүхэд ханддаг ч, цагдаагийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага болон орон нутгийн байгуулагад хэргийг нь шилжүүлдэг байж.

Учир нь хохирогч ноцтой гэмтэл аваагүй л бол олон нийтийн байгууллагууд гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй байна. Хятадад 2005 онд явуулсан судалгаагаар нийт гэр бүлийн бараг 30 хувьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэсэн дүн гарчээ.

Тэдний бараг 70 хувь нь нөхөр нь эхнэрээ дарамталдаг байсан бол үлдсэн 30 хувь нь эсрэгээрээ эхнэр нь нөхрөө дарамталдаг болох нь тодорхой болсон байна. Мөн үүсэх шалтгааныг хөдөө тосгонд нөхрөө ямагт дээдлэх ёстой гэсэн уламжлалт ойлголттой холбоотой гэж үздэг аж. Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амиа хорлох хамгийн том шалтгаан болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *