Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг осолд орж, БНСУ-ыг зорилоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр өглөө “Хаан жимс” жуулчны баазын орчимд осолд оржээ. Тэрээр “АТV” маркийн мотоцикль унаж яваад осолдсон аж. Ослоос болж экс Ерөнхий сайдын биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд яаралтай эмчилгээнд орсон тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Ослын улмаас түүнийг эгэм нь хугарч, тархи, нуруу нугасандаа гэмтэл авсан талаар зарим хүн мэдээлэв. Харин энэ талаар Замын цагдаагийн газрын жижүүрийн ахлагчаас асуухад “Манайх ослын газар очоогүй. Учир нь хувийн эзэмшлийн газар болсон осол. Налайхын замын цагдаагийнхан очсон байж болох юм” гэв. Налайхын замын цагдаагийн жижүүр “Хаан жимс”-т осол болсон талаар бидэнд дуудлага ирээгүй. Энэ талаар өглөө 12 цагийн үед цагдаагийн шуурхай албаны 102 –ынхон биднээс асууж байсан гэв. Ослын талаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Н.Алтанхуягийн биеийн байдал ямархуу байна. Хүнд бэртсэн гэх мэдээллийг бид авлаа?

-Биеийн байдал нь гайгүй байгаа.Түүнээс зарим хэвлэлд гараад байгаа шиг нуруу нугасандаа гэмтэл авсан юм байхгүй. Эгэмнийх нь яс хоёр хугарсан гэсэн.

-Эмч нар гадаадад эмчлүүл гэж зөвлөөд БНСУ руу явах гэж байгаа гэж сонслоо. Бэртэл нь хүнд биш бол гадаад явж эмчлүүлэх хэрэг байсан юм уу?

-Хэдий бэртэл нь хөнгөн ч гэсэн энд эмчлүүлэх хэцүү шүү дээ. Тийм болохоор БНСУ руу явах гэж байгаа. Тэнд долоо хонох байх гэсэн таамаг байна. Тэгэхээр бэртэл нь гайгүй байгаа гэж ойлгож болно. Зарим нэгэн хүн ослыг дэврээгээд байгаа юм шиг байна.

-Та өөртэй нь утсаар ярив уу?

-Ойр дотнынхтой нь ярилаа. Өөрөө утсаар чөлөөтэй ярьж байгаа. Тэгэхээр гайгүй гэж хэлж болно.

-Цонжинболдог орчимд явж байгаад осолдсон гээд байсан “Хаан жимс” жуулчны бааздаа байж байгаад осолдсон юм уу?

-Тийм юм шиг байна. Тэнд амрахаар очсон гэсэн.

-Тэр мотоцикль нь цас­ных юм уу, яа­гаад онхолдчихов. Хамгаалал­тынхан нь байгаагүй юм уу?

-Хамгаалалтын дөрвөн хүн байх ёстой. Ослын үеэр дэргэд нь нэг хамгаалагч нь байсан бололтой. Тэгээд ойр дотнынхон нь байсан гэсэн. Долоо хоног тэндээ амаръя гэж төлөвлөж байсан гэсэн.Чухам яагаад осолдсоныг нь мэдэхгүй.

-Хэзээ БНСУ-ыг зорих вэ?

-Өнөөдөр 17 цагаас БНСУ-ыг зорихоор болсон.

-Замын цагдаа болон яаралтай түргэн тусламжид дуудлага өгөөгүй гэсэн. Яагаад осол болсон газар цагдаагийнхан очоогүй юм бол. Төрийн тусгай хамгаалалтанд байгаа учир өөр шугамаар тусламж хүсдэг юм болов уу?

-Энэ талаар хэлж мэдэхгүй юм. Ослын талаар дуудлага өгөөгүй бол цагдаагийнхан очихгүй байх гэлээ.

Юутай ч дугаар шилжих мөчид Ерөнхий сайд БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний АТV маркийн мотоцикль нь цасных гэнэ. Өглөөний агаарт мотоцикльтойгоо зугаалахаар гарсан гэнэ. Тэр орчимд цасгүй армаг тармаг газар байсан тул бараан газар явж байгаад онхолдсон байж болзошгүй гэж үзэх ч хүн байна. Түүнд анхны яаралтай туламжийг нэгэн хувийн эмнэлэг үзүүлж, БНСУ руу явж эмчлүүлэх санал тавьсан байна.

Г.ЯЛГУУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *