Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх оны төсвийг баталлаа

УИХ өчигдөр улсын төсвийг хэлэлцэж баталлаа. Нэгдсэн хуралдааны ирц бүрдэж 59 хувьд хүрснээр 12.10 цагт чуулган эхлэв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу З.Энхболд дарга 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг гишүүдэд уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгасан юм. Түүний уншсаныг гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд чуулган нэг цаг гаруйн хугацаанд үргэлжлээд өндөрлөсөн. Ийнхүү Монгол Улсын 2015 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гишүүд хуулийн хугацаандаа амжиж шуурхайлан баталсан нь энэ. Хэрэв арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсвөө баталж чадахгүй бол парламент тарах учиртай. Ямартай ч хуулийн хугацаатай уралдаж, нэг хоногийн өмнө улсын төсвийг гишүүд батлахын хувьд баталчихлаа. Иймд хэлэлцүүлгийн шатанд чуулганы нэгдсэн хуралдааныг сунжруулахгүйг хүсээгүй бололтой, төсвийн төсөлтэй холбоотой санал, асуулттай хүн Д.Дэмбэрэл гишүүнээс өөр байсангүй.

Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хийсэн. Харин гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг өчигдөр зэрэг явуулжбаталлаа.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөл нь ажлын хэсгээс гаргасан саналуудыг ямар хүрээнд, хэрхэн шийдэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл болох юм байна. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжив. Улмаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь нь дэмжлээ.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын нийт гишүүд болон ажлын хэсэгт талархал илэр­хийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм. Чуулганы танхимаас Ч.Улаан, Н.Энхболд, Д.Зоригт нарын гишүүнд түрүүнд гарч ирэв. Д.Зоригт гишүүн Ч.Улаан гишүүнд хандан, “Ханатай төсөв болов уу, ямар санагдаж байна” гээд баяр хүргэж байгаа бололтой гар барив. Хариуд нь Ч.Улаан гишүүн “Ямар УИХ байна, тийм л төсөв болдог юм ш дээ” гэж ёжтойхон хэлээд цааш алхана лээ.

УИХ-ын чуулганаар 2015 оны нэгдсэн төсвийг баталсан даруйд УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд дараахь мэдээллийг өгсөн юм.

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД: ТӨРИЙН АЛБАНЫ ОРОН ТООГ ЦӨӨЛСӨН

УИХ-аар 2015 оны төсвийг хугацаанд нь баталлаа. Ирэх оны төсвийг анх өргөн барьснаас хойш маргаан дагуулсан. Өргөн барьж, эргүүлэн татаад. Тэгээд ямар ч л гэлээ УИХ цаг хугацаандаа амжсан. УИХ дахь гурван намын бүлэг идэвхтэй оролцож, ажлын хэсэг шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл ажиллаж байсан. Энэ жилийн төсвийн гол онцлог нь ирэх онд тохиож болзошгүй байгаа эдийн засгийн хямралтай холбогдуулан урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан. Үүнд төрийн байгууллагын бараа, ажил үйлчилгээний зардал 5-30, Засгийн газрын тусгай сангууд, төрийн байгууллагын шаардлагагүй орон тоо, урсгал болоних засварын ажлуудыг 50 хүртэл, эрүүл мэнд боловсролын их засварын зардлыг 30 хувиар зарим хэсгийг нь тэглэх зарчмаар баталсан байна. Урьд өмнө нь урсгал зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан түүх байхгүй. Өнөө жил онцгой нөхцөл байдалд байгаа учраас ийм арга хэмжээ авсан. Энэ хүрээнд 1000-гаад орон тоо буурсан. Баахан орлогч, зөвлөх, шаардлагагүй байгууллагын орон тоог цөөлсөн.

С.БЯМБАЦОГТ: ИРЭХ ЖИЛ ШИНЭЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭХГҮЙ

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа үед 2015 оны төсвийг УИХ баталлаа. УИХ дахь МАН-ын бүлэг төсвийг аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн барьснаас хойш найман удаа хуралдлаа. Ингэхдээ төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, эдийн засгийн хэмнэлтийгтооцсон. Мөн мөнгөний бодлоготой уялдсан байх зэрэг зарчмыг баримталж ажилласан. Засгийн газраас оруулж ирсэн төсөв Монголын түүхэнд байхгүй замбараагүй, олон хууль зөрчсөн, ард иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулахуйц, үндэслэл тооцоогбодитой хийгээгүйтөсөворуулж ирсэн. Төсвийн хүрээний мэдэгдлийн есөн шаардлагад нийцсэн байх ёстойгоос таван шаардлагад нь нийцээгүй байсан. МАН-ын бүлгээстатварын дөрвөн хуулийг буцааж, гаднаас зээл авахгүй байх, 2011 оноос эхлэн царцаагдсан барилгыг 2015 онд дуусгах саналоруулсныг баталлаа. УИХ-ын хяналтаас гадуур мөнгө зарцуулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн нь хэвээрээ үлдлээ. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн шинээр хөрөнгө оруулалтын ажил хийгдэхгүй. Өнгөрсөн онд төсвийн бүрдүүлэлт нэг их наяд, энэ онд 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Төсвийн алдагдлаа бодитоор тооцоогүй гээд олон зөрчил байсныг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцэн баталлаа. Хамгийн аюултай нь 2011 онд зээлийн үйлчилгээнд 31 тэрбум төгрөг зарцуулж байсан бол үүнээс 20 дахин их буюу 708 тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээний зардлыг барагдуулахаар оруулж ирсэн.

Ц.ДАВААСҮРЭН: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН ТООГ ЦӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Ирэх оны төсвийг цаг хугацаанд нь батлахад ажлын хэсгүүд идэвхтэй ажиллалаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээний буурсан төсөв баталжбайсангүй. Мөн улс төрийн нөхцөл байдлын хувьд Засгийн газар огцорсон,Сангийн сайдгүй хүнд үе таарлаа. Хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан. Тухайлбал дэд, орлогч, зөвлөх гэх шинээр үүссэнорон тоон дээрх 345 хүнийг цомхотгосноор гурван тэрбум, төрийн байгууллагын 540 орон тоо бууруулснаар дөрвөн тэрбум, бараа ажил үйлчилгээний зардлыг 32тэрбум төгрөгөөр бууруулжээ.Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн байгууллагын зардлыг хөндөөгүй. Цаашдаа төрийн албан хаагчдын орон тоог бууруулах ажлыг үргэлжлүүлнэ. 2010-2013 онд ажил нь эхэлсэн 400 гаруй обьектын санхүүжилтийг шийдэж, арилжааны банкуудын чанаргүй зээлийн асуудлыгнэг тийш болголоо. Гэхдээ УИХ-ын 30 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкинд 302 тэрбум төгрөгийн обьектыг шилжүүлсэн.

Төрийн албан хаагчдын орон тоог цөөлж, бууруулах арга хэмжээ үргэлжилнэ. Он гарангуут Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор асуудлыг дахин хэлэлцээд хэмнэлттэй үр ашигтай бүтцэд шилжих ажлыг хийнэ. Эцэст нь хэлэхэд Монголын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь байж хязгаартаа багтсан. Мөн нэгдсэн төсвийн нийт зарлага 7.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31 хувь бол төсвийн алдагдал 439.2 тэрбум буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдлаа.

Д.ЭРДЭНЭБАТ: ТӨСӨВТ СУУЛГАСАН 500 ТЭРБУМ ТӨГРӨГ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН БАТАЛГАА БОЛЖ ЧАДАХГҮЙ

Энэ оны төсөв УИХ-д суудалтай намуудын харилцан ойлголцол дээр явсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ бүлгүүдийн хооронд, ажлын хэсгийн хооронд зарчмын зөрүүтэй санал гарсан. Өнөөдөр төсөв чамбай болж чадсан ч гэсэн эргэж харах ёстой хэд хэдэн заалт шийдэгдээгүй үлдсэн. Энэ асуудлаар бид сая төсөв ойлголцсон шигээ хамтрах нь зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа төсөвтэй холбоотой асуудал дээр 2015 онд гүйцээж чадах уу үгүй юү гэдэг баталгаа төсөв дээр байхгүй. Энэ тал дээр улс төрийн намуудтай зөвшилцсөн боловч хараахан үр дүнд хүрээгүй. Тодруулбал, Чингэс, Самурай бондыг төсөвт тусгах, үгүйэсэх дээр нэг үл ойлголцол үүссэнийг арилгах ёстой хэмээн АН-ын бүлэг санал нэг байгаа. Чингэс, Самурай бондыг төсөвт тусгах ёстой. Тэгэх юм бол Төсвийн тогтвортой байдлын хууль, Өрийн удирдлагын тухай хуулиа эргэж харах ёстой гэсэн байр суурин дээр АН байна. Хоёр дахь асуудал нь төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэхийн тулд Монгол Улс хөрөнгө оруулалт, зээл, Зас­гийн газрын батал­гааныхаа асуудлыг шийдэх­гүйгээр бизнесийг тэлэх боломж бага байна. Зөвхөн зардлыг багасгаснаар эдийн засгаа эрүүлжүүлнэ гэвэл өрөөсгөл ойлголт болно гэдгийг улс төрийн намууд хаа хаанаа ойлгох ёстой. Төсвийн зардалтай холбоотой асуудлаар хэд хэдэн зүйлийг онцолж хэлмээр байна. Өмнө нь улстөрчдийн лоббигоор явуулж ирсэн энэ олон барилгабайгууламжийн асуудлаар бид нэгдмэл саналд хүрлээ. Жилийн юмыг жилд нь дуусгадаг зарчмыг оролдоод үзье гэсэн маш том амжилтад хүрлээ гэж бодож байна. Жишээлбэл, энэ жил нийгмийн шинж чанартай 141 обьектууд шинээр ашиглалтад орно. Энэ дотор эмнэлэг 36, сургууль 63, цэцэрлэг 24, дотуур байр 18, соёлын төв 15 ашиглалтад орох юм. Энэ бол сүүлийн жилүүдэд манай улсад хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын ажил болох юм. Хоёр дахь асуудал нь урьд хожид байгаагүйгээр цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээрболсон. Гэхдэээнэ бүхэн төрийн алба хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахгүй учир төсвийн тодот­гол зайлшгүй хийх шаард­лагатай гэж үзэж байгаа.

Н.БАТЦЭРЭГ: ТОДОТГОЛ ХИЙХ ХҮЛЭЭЛТТЭЙГЭЭР БАТАЛЛАА

Төсвийг өргөн барихад УИХ-ын нам эвслийн бүлгүүд ойлголцож, анхаарч ажиллаж чадлаа. Ер нь Засгийн газрын өргөн барьсан 2015 оны төсөвт учир дутагдалтай зүйл олон байсан. Тухайлбал төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл нь бодитой бус байсан. Учирч болзошгүй эдийн засгийн хүндрэлийг ямар арга замаар даван туулах талаар тодорхой санал болгох зүйл байгаагүй зэрэг шүүмжлэх юм цөөнгүй байсан. УИХ дээр энэ учир дутагдалтай зүйлүүдийг хамтран засаж чадлаа. Гэхдээ эдийн засгийнямар ч хүндрэл биднийг хүлээж байгааг хэлж мэдэхгүй. Тиймээс 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол орж ирнэ гэсэн хүлээлттэйгээр “Шударга ёс” эвсэл ирэх жилийн төсвийг баталлаа. Засгийн газар 7.1 хувиар эдийн засгаа өсгөнө гэсэн төлөвлөлттэй орж ирсэн ч одоо 10 хувиар өсгөхөөр хуульчлагдсан тоо байгаа. Энэ баталсан төсвөөр эдийн засгаа ингэж өсгөж чадахгүй гэв.

Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга, Төсвийн байнгын хорооны даргыг мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид АН дотор өрнөж буй асуудлын талаар УИХ-ын даргаас тодруулсан юм.

ҮЗХ өнөөдөр хуралдаад Ерөнхий сайдад нэр дэвшсэн Р.Амаржаргалыг дэмжих эсэхээ шийднэ. Энэ утгаараа Ерөнхий сайдаар сонгогдсон хүн автоматаар намын дарга болох уу, эсвэл намын дүрмээ өөрчлөх үү?

-Үндсэн хуулиар Засгийн газар гүйцэтгэх удирдлагын байгууллага. Тэнд олон намын дарга орж суучихаад, олон тийшээ хараад байхболомжгүй. Нэг хүний удирдлагаар явдаг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага юм. Хуулийг МАН, АН, Шударга ёс эвслийнхээр биелүүлнэ гэдэг ойлголт байхгүй шүү дээ.Тийм учраас олонхигүй тохиолдолд одоогийнх шиг Засгийн газарт намын удирдлага орох нь буруу гэж үзэж байгаа. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хувьд”Засгийн газарт хийх ажил хангалттай их байна, зөвхөнөмнөх ажлаа хийе” гэдгээ бүлэг дээр хэлсэн. Тиймээсүүнээс цааш Үндсэн хуулийнхаа дагуу олонхигүй болсон тохиолдолд намуудын удирдлагууд танхимаасаа гарахгүй байх санаа дэвшүүлж байгаа. Гүйцэтгэх удирдлага улс төрөөс хол, захиргааны байгууллага байх ёстой. Харин одоо бол олон намын дарга өөр өөр юм ярьдаг, Ерөнхий сайддаа захирагддаггүй байдал байна. Үүнийгхалъя гэж байгаахэрэг.

Шинэ Засгийн газар давхар дээлээ тайлсан Засгийн газар байх уу?

-Ямар Засгийн газар байгуулах нь Ерөнхий сайдын хийх ажил. Бид Ерөнхий сайдаа баахан дарамталж, эцэст нь ажил хийх боломжгүй болгоод огцрууллаа. Ямар Засгийн газар байгуулах ньЕрөнхий сайдын ажил болохоос бидний ажил биш.

М.МӨНХ, Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *