Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг “Их дуулга”-ын аварга боллоо

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өчигдөр эхэллээ. Дэлхийн 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч олимпийн эрхийн оноо авахаар өрсөлдөж байна.

Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ тэргүүлж, алтан медаль хүртлээ. “А” хэсгийг тэргүүлэн барилдсан тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж улмаар ОХУ-ын бөх Кристинаг юүко үнэлгээгээр ялсан бол хэсгийн аваргын төлөө Испанийн бөх Жулиаг юүкогоор ялж хагас шигшээд БНАСАУ-ын бөхийг ялж финалдсан юм. Харин аваргын төлөө олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Эва Черновичкиг юүко үнэлгээгээр ялж түрүүллээ. М.Уранцэцэгийн хувьд 2893 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байсан бол ийнхүү “Их дуулга”-д түрүүлж, 500 оноо нэмснээр 3393 оноотой боллоо.

“Их дуулга”-д түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300 оноо, хүрэл медаль 200 оноотой болно.


Түүнчлэн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Д.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ. Д.Амартүвшин “А” зоог тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Эквадор, Казахстаны бөхчүүдийг дараалан цэвэр ялж хэсгийн аварга болсон юм. Хагас шигшээд тэрбээр Азербайжаны Мушкиев Игарыг 3:18 минутад цэвэр ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөө Азербайжаны Сафаров Орхантай барилдаж вазари үнэлгээ алдснаар мөнгөн медалийн эзэн болов.


Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монголын шилдэг хоёр жүдоч өрсөлдөж, хамтдаа медалийн тавцанд зогссон. Энэ жинд Д.Амартүвшинтэй хамт өрсөлдсөн Г. Хэрлэн “Д” хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар Армян, Автсрийн бөхийг ялсан хагас шигшээд шалгарсан юм. Тэрээр Азербайжаны жүдоч Сафаров Орханд хагас шигшээд торгуулиар ялагдаж, хүрэл медалийн төлөө Их Британийн жүдоч Мккензий Эшлиг 2:18 минутад цэвэр ялж хүрэл медаль хүртэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *