Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Өөрчлөлт нь гацаанаас гаргаж чадах уу?

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг тойрсон үйл явдал өчигдөр шувтарлаа. Яамдын тухайд аль нь тунаж үлдэж, аль нь тарж бутрах бол гэж баахан таамаг дэвшүүлсэн улсуудын эргэлзээ сая нэг тайлагдав. Өчигдөржин хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны шийдлээр Засгийн газрын шинэ бүтэц ямар байх нь тодорхой боллоо. Ерөнхий сайдын оруулж ирсэн саналаар зургаан яамыг нэгтгэнэ гэсэндээ тогтож байна.

Сөрөг хүчний зүгээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Боловсрол шинжлэх ухааны яамтай, Хөдөлмөрийн яамыг Хүн, ам, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор гишүүд Соёлын яамыг задлахыг дэмжсэн боловч нэгдсэн чуулган дээр уначихлаа. Ингээд Ц.Оюунгэрэл сайд бүтэцтэйгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ үлдэж, түүний яам хөдлөхгүй нь тодорхой болов. Харин МАН-аас Я.Санжмятав болон С.Эрдэнийн яамыг нэгтгэх ёстой гэсэн саналаа эргүүлэн татаж, ямар нэгэн тохироонд хүрэв бололтой.

Засгийн газрын шинэ бүтцийн тухай анх яригдаж эхлэхэд задрах магадлалтай байсан яамд сайн дураараа ажлаа тайлагнацгаасан. Ерөнхий сайд ч гэсэн зарим яамдыг үнэхээр сайн ажилласан гэж онцолжмагтсан удаатай. Тухайлбал, тэрбээр Зам, тээврийн сайд А.Гансүхийг өмнөх таван Засгийн газрын хийж чадаагүй автозамыг тавьж, үнэхээр сайн ажилласан гэсэн. Мөн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханг бүтээн байгуулалт эрчимжсэн гэж сайшаалын үгээр харамгүй мялааж байв. Сая хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаар төмөр замаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан гээд л салбарын яамдынхаа үүрэг оролцоог онцолсон. Гэтэл ийм сайн ажилласан гэсэн яамдыг бүтцийн өөрчлөлтөд багтаасан нь логикийн хувьд зөрчилтэй харагдаж байлаа. Уг нь сөрөг хүчнийхний, олон нийтийн санал болгоод байсан үүрэг, оролцоо багатай яамдыг базах ёстой байсан баймаар. Ерөнхий сайдыг бүтцийн төсөл оруулж ирэхэд “Өөрт таалагдахгүй байгаа сайд нараа няслахын тулд үр дүнгүй өөрчлөлт хийх нь” гэж хашир улстөрчид шүүмжилж байсан. Яамдаа тохироогоор уу, эсвэл ажлаа сайн хийсэн үзүүлэлтээр нь авч үлдэх үү гэдэг дээр олны анхаарал тусч, хүлээлт дагуулаад байсан нь саяхан. Засгийн газар мэргэжлийн тал руугаа ажиллахын тулд яамдынхаа ажлын үзүүлэлтийг гол чиг болгон барих ёстой байв. Харин асуудал анх орж ирсэн хувилбараараа батлагдаж, улс төр бүхэлдээ тохироо гэдэг шийдэлд хүрэх шив.

Засгийн газрын тэргүүний танхимаа шинэчлэх бүтцийн өөрчлөлт цаашаа албан тушаалын томилгоогоор үргэлжлэх нь тодорхой. Өчигдөр өглөө гэхэд АН, Шударга ёс эвлийнхэн суудлаа авч үлдэхийн тулд хоорондоо нэлээд зөрчилдсөн сурагтай. “Шударга ёс” эвслийн дөрвөн сайд үлдэх үү, эс үлдэх үү дээтулж дэнжигнэж байгаа гэх. Тэдний гурав нь МАХН, нэг нь МҮАН-ынх. Тэгэхээр АН-ын зүгээсМАХН-ыг нэг сайдынхаа суудлыг чөлөөлөхийг шаардаад буй бололтой юм. Юутай ч нэгтгэсэн яамдыг толгойлох сайд нарт гурван хүний нэр явж байгааг эх сурвалж дуулгалаа. Тэдний хоёр нь УИХ-ын гишүүн бөгөөд сайд болбол давхар дээлтэй болох нь ээ.

Ямартай ч ирэх өдрүүдэд шинэ бүтцээр ажиллах яамдыг толгойлохоор хүмүүс амбицаа илэрхийлэх нь тодорхой. Сайдын албан тушаал горилогсдын нэрс сонсогдоод эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрыг огцруулах яриа ч дуусаагүй л байна. Асуудал яагаа ч билээ. Энэ өөрчлөлт нь Засгийн газрыг гацаанаас гаргаж чадах болов уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *