“Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран хийжээ.
Энэхүү судалгаагаар гадаадад аялсан Монгол иргэдийн дундаж зардлыг аялсан улс, зорчсон хоног бүрээр, мөн БНХАУ-д аялж буй иргэдийг гарч буй хилийн боомт тус бүрээр тооцоолсон нь цаашид төлбөрийн тэнцэл, аялал жуулчлалын статистикийн чанарыг сайжруулах ач холбогдолтой боллоо хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан дүгнэж байна. Монгол иргэдийн хувьд зорчсон улс, хугацаанаасаа хамаарч зарцуулсан зардлууд нь харилцан адилгүй байгаа бөгөөд түүврийн дунджаар 1622 ам.доллар байна. Энэ нь 2005 оны дундаж зардлаас 3.1 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн жуулчдын 80-аас дээш хувь нь өөрөө аяллаа зохион байгуулдаг бөгөөд аялах үедээ төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг. Олон улсын тээврээс бусад зардлынхаа хамгийн өндөр буюу 30 орчим хувийг дэлгүүрээс худалдан авалт хийхэд зарцуулдаг зэрэг дүн гарсан байна. Гадаадад аялж буй иргэдийг аяллын үндсэн зорилгоор нь авч үзвэл 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь албан томилолт, бизнесийн зорилгоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, 7 хувь нь боловсрол, 5 хувь нь ажил эрхлэлтийн зорилгоор гадаадад аялж байна.