Categories
мэдээ спорт

Олимпийн бамбарын аяллыг эхлүүлнэ

Өнөөдөр Олимпийн өдөр. Жил бүр уламжлал болгон энэ өдрийг дэлхий даяараа тэмдэглэдэг уламжлалтай. “Олимпийн өдөр”-т зориулсан арга хэмжээг МҮОХ-ноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.  Уг баярын ёслолд олимпийн медальт тамирчид оролцож, парадад жагсч, Монгол Улсын торгон хилийн дагуу аялах бамбарын аяллыг эхлүүллээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын Олимпийн өдөрт зориулсан илгээлт гаргажээ. Уг илгээлтэнд “Эрхэм олимпийн өдрийн ёслолд оролцогчид оо, Өнөөдөр дэлхий даяараа нас, хүйс, спортын ур чадвар үл харгалзан олимпийн өдрийг тэмдэглэж байна. Тэртээ 1894 оны энэ өдөр Пьер де Кубертений санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөн эхлэхээр болж, түүнээс хойш энэ өдрийг олон улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, энэ үйл хэрэгт оролцдог бүх хүний баярын өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Ялалт, амжилтаа хуваалцдаг эл тэмдэглэлт өдөр олимпийн их гэр бүлийн гишүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж буйдаа таатай байна. Олимпийн өдрөөр орчин үеийн олимпийн хөдөлгөөний түүхийг эргэн санаж, олимпийн үнэт зүйл болох нөхөрлөл, ур чадвар, хүндлэлийг бусдадаа түгээхийг сануулдаг юм. Ийм учраас олимпийн өдөр жирийн нэг баярын өдөр биш, түүнээс эрхэм нь байх учиртай. Бид хүн бүрийг спортоор дамжуулан хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэхийг хүснэ. Илүү олон хүн олимпийн хөдөлгөөний мөн чанарыг ойлгож, хүмүүсийг нэгтгэх нь олимпийн өдрийн зорилго. Яаж тэмдэглэх нь чухал биш олон хүн хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэх нь чухал. Энэ нь бидэнд илүү сайхан ирээдүйг бүтээхэд туслах билээ. Та бүхэндээ 2014 оны олимпийн өдрийн мэнд хүргэе” гэжээ.