Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс гурван сая хүртэлх төгрөгийн бараа татвал татвар төлөхгүй

Сэлэнгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдааг ирэх Даваа гаригаас буюу энэ сарын 24-нөөс нээж, байнгын ажиллагаатай болгох гэж байгаа. Үүний эхлэл болгож “Алтанбулаг экспо” үзэсгэлэн яармагийг болно.

Хойд хөршийн зах зээлд шууд холбогдох энэхүү чөлөөт бүсийг эрчимжүүлэх бэлтгэл ажлуудыг хийж буй бөгөөд чөлөөт бүсийн худалдаанд эхний ээлжинд барилгын материал, авто сэлбэгийн худалдааг чухалчилж байна. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд Барилгын болон авто сэлбэгийн худалдааны төв нээхээр болжээ. Хилийн худалдааг бүрэн утгаар нь дэмжихийн тулд шаардлагатай зай талбайг бодолцон үзэж, худалдаа явуулах аж ахуйн нэгжүүдэд газар олгохоор болсон талаар тус чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэлэв. Энэ хүрээнд эхний ээлжинд хоёр худалдааны төвд нийт 60 аж ахуйн нэгжид тус бүр 200 ам.метр хүртэлх газар олгох ажээ. Тиймээс худалдааны чөлөөт бүсэд барилгын материал, авто сэлбэгийн худалдаа явуулах аж ахуйн нэгжүүд зохих шаардлагыг биелүүлэн, бичиг баримтыг бүрдүүлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд хандах хэрэгтэй ажээ. Ингэж газраа авсан аж ахуйн нэгж тухайн газартаа барилга барих, худалдаа, үйлчилгээ явуулах эрх нь нээлттэй юм байна.

Барилгын материалын, авто сэлбэгийн худалдааг ийнхүү дэмжих болсон нь худалдааны бараа эргэлтийг сайжруулахаас гадна орон сууц, авто машины үнийг бууруулах, цаашдаа тогтвортой байлгахад нөлөөлөх аж. 

Худалдааны чөлөөт бүсийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг даллахын тулд татварын таатай орчинг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан амлаад байгаа юм. Энд худалдаа, наймаа явуулах аж ахуйн нэгжийн төлөх гаалийн, НӨАТ, импортын татварыг чөлөөлөх ажээ. “Алтанбулаг” худалдааны  чөлөөт бүсийн Барилгын худалдааны төвөөс гурван сая төгрөг хүртэлх барааг ямар ч татваргүй авч гарах эрхтэй. 

Одоогоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 500 га орчим газрыг хамарч байгаа бөгөөд хэтдээ бүсийн орчмоор тойрч 15-20 мянган хүн амьдрах суурьшлын бүс байгуулахыг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс Сүхбаатар өртөө хүртэл 25 км төмөр замын бүтээн байгуулалт, дулааны цахилгаан станц, орон сууц, зочид буудлын цогцолбор, боловсруулах үйлдвэр барихаас гадна том агуулахын худалдаа эрхлэх асуудал яригдаж эхэлжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *