1993 оны намрын чуулганаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэний дотор “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн статусыг өөрчилсний дагуу 1994 оноос эхлэн “Төрийн мэдээлэл”-ийг сар тутам эмхэтгэл болгож гаргах болжээ.
1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор хууль, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байхаар тогтов.
Түүнээс гадна “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн газраас эрхлэн Монгол Улсын хууль тогтоомжуудын тухай тайлбар, зөвлөмжүүд болон сэтгүүлийн хавсралт болгон “Төр, засгийн ажилтанд тусламж” сэтгүүлийг тогтмол хэвлэн гаргадаг байв. Энэ сэтгүүлийг 1995 оны 1 дүгээр сараас эхлэн улиралд тус бүр 3 дугаар гаргадаг байж. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудын агуулгыг хураангуйлан олон түмэнд хүргэх, хэрэгжүүлэх арга хэлбэр сэлтийг аман ухуулгад зориулан тайлбарлах, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажил үйлсийг сурвалжлан бусдад туршлага болгох, санаа авахуулах зорилгоор энэ сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан байна.
1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын Тамгын газраас “Парламентын мэдээлэл” нэртэй сонины туршилтын дугаарыг анх гаргаж улмаар дотоод мэдээллийн зориулалттай энэ сонинг долоо хоног тутам 400 хувь хэвлүүлж үнэгүйгээр уншигчдад тарааж эхлэв.
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улс нэгдэн орсон буюу соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцийг нийтлэж олны хүртээл болгоход анхаарч ажиллаж байв. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакциас 2004 оноос эхлэн эмхтгэлийн нийт 9 тусгай дугаарыг яам, байгууллагатай хамтран хэвлэн гаргажээ. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудад Хүний эрхийн конвенциуд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенциуд, Оюуны өмчийн эрх зүйн гэрээнүүд, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, Монгол Улс нэгдэн орсон байгаль орчны холбогдолтой болон бусад олон улсын гэрээ, конвенциудыг нийтэлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд хэвлэн гаргасан эмхэтгэлийн бүх дугаарын зураган файлыг Улсын Их Хурлын албан ёсны вэб сайтад, 2014 оноос эхлэн эмхэтгэлийн дугаар бүрийн албан ёсны эхийг IOS болон андроид системийн аппликейшн программ ашиглан http//tm.parliament.mn.web хаягаар дамжуулан IPAD, гар утсанд байршуулах боллоо.
2014 оноос эхлэн төр, захиргаа, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагууд, их, дээд, бүрэн дунд боловсролын сургуулиуд, нийтийн номын сангуудад “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг үнэ төлбөргүй тарааж байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 900 гаруй дугаар хэвлэгдэн гарч тэдгээрт энэ хугацаанд төр, засгаас баталсан албан ёсны бүхий л шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлж олны хүртээл болгов.