-Ээж, нөгөө гөлөг алга болчихож?
-Өөр газар тоглож яваа байлгүй.
-Арай алчихаагүй байгаа?
-Айн?
-Эзэнгүй нохой устгана гээд таны үздэг мэдээгээр гарч байсан…
-Хоолгүй болоод өөр тийшээ явсан байх аа. За хурдан явъя, хичээлээсээ хоцрох нь…
Хүүхэд маань сургууль хүртлээ надтай юм дуугарсангүй, анги руугаа гүйгээд орчихлоо.
Гэр, сургууль хоёрын дундах бяцхан цэцэрлэгт жижиг гөлөг амьдраад хэдэн сар болж байгаа юм. Нэг модыг эзэгнээд авчихсан дор нь хэвтэж байна. Заримдаа энд тэнд саасганан тоглоод гүйж байдаг хөөрхөн амьтан. Годгор сүүлтэй, шороотой үстэй гээд царай муутай ч амьтны нялх үр болохоор өхөөрдөм. Хүмүүсийн авчирч өгсөн хоолыг цүдийтэл идчихээд нам унтаж байх нь ч бишгүй. Манай хүүхэд ганцаараа явахдаа түүнд боов боорцог өгч, эрхэлж тоглодог нь илт ч надтай явахдаа тэр үйлдлээ тас нууна. “Ээж та энэ гөлгийг хар даа, ямар хөөрхөн гээч”, “Тэр нүдийг нь хараач, хөөрхөн шдээ”, “Унтаж байгааг нь хараарай, өөлхөн байгаа биз” гэж байнга өнөөхөө өхөөрдөн ярьдаг хүүхдийнхээ өмнө гэм хийчихсэн мэт санагдаад сэтгэл хөндүүрлээд болдоггүй.
Сургуулиас буцах замдаа өнөө гөлгийг гараад ирэх болов уу гээд байшингийн булан тохой, ойр орчмоор хайсан ч ор мөргүй. Маргааш нь ч алга. Хамт тоглож байдаг ганц том нохой нь ч харагдсангүй. Түүний эзэгнэн хэвтдэг модны доорх хэвтрийг цэмцийтэл шүүрдээд цэвэрлэчихэж. Сургууль, гэр хоёрын тэрхэн богино зайд гөлөг, охин хоёрын нэг нэгэндээ ээнэгшсэн хөөрхөн сэтгэл надад ч гэсэн эерэг зөөлөн мэдрэмж өгдөг байж.
“Нохой хоолгүй болохоороо хоол хайгаад өөр тийшээ явчихдаг юм. Одоо өөр нэг модон доор амьдарч байгаа” гэж хүүхдэдээ хэлсэн үгэндээ би өөрөө итгэмээр байна. Цүдийчихээд өөр нэг саглагар модны доор унтаж байгаасай гэж залбирмаар санагдана.
Заримдаа бид өөртөө хэрэггүй л бол бусдыг бодолгүй асуудлыг шийддэг. Заримдаа бид сэтгэл зүрх гэдгээ ор тас мартчихсан явдаг. Заримдаа бид энэ дэлхий хүнээс бусад амьтдад ч зориулагдсан гэдгийг тоодоггүй.
Д.Оюунтуяа